Эдийн засагт эерэг үзүүлэлт гарснаар татварыг тэглэх боломж нээгдсэн гэв

Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээ, Нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлж баталсантай холбогдуулан иргэдээс 6700 гаруй өргөдөл, гомдол тус Байнгын хороонд ирүүлсэн. Уг асуудалтай холбогдуулан иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар ажиллаж байна гэж Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааны эхэнд танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Батзандан Б.Энх-Амгалан, Л.Энхболд, Д.Тогтохсүрэн, Б.Пүрэвдорж, М.Билэгт нар үг хэлж, байр сууриа илэрхийлэхийн сацуу санал хэлж байв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай хэлэлцээ хийж буй энэ үед уг асуудалтай холбогдуулан ажлын хэсэг байгуулахыг түр хойшлуулах тухай горимын санал гаргав.
Түүнчлэн УИХ-ын гишүүд, Монгол Улс өрийн дарамтанд орж байх үед нэн хөнгөлттэй зээл авах шаардлагатай тулгарсан. Энэ үед Засгийн газар Олон улсын валютын сантай гэрээ байгуулснаар донор орнуудаас нэн хөнгөлттэй зээл авч, өмнөх өндөр хүүтэй өрийг барагдуулсан. Өнөөдөр эдийн засагт эерэг дүн гарч, Монголбанк 500 гаруй сая ам.долларын валютын нөөцтэй болсон төдийгүй тус сантай зөвшилцсөний дүнд Засгийн газраас УИХ-д хууль өргөн барих гэж байна. Эдийн засагт өнөөдөр эерэг үзүүлэлт гарснаар татварыг тэглэх боломж нээгдэж байна. Энэ шийдвэр бол эргэж буцсан шийдвэр биш гэдгийг ард иргэддээ ойлгуулах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байлаа.
Ийнхүү УИХ-ын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа ажлын хэсэг байгуулах асуудлыг түр хойшлуулах тухай санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авав.