Ж.Чинбүрэн: Бид элэгний хорт хавдрыг цогцоор нь шийдэхийг зорьж байна

Хавдар судлалын үндэсний төвд анх удаа элэгний хатуурал, хорт хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг энэ сарын 28-ны өдөр амжилттай хийсэн билээ. Энэ талаарх мэдээллийг  өнөөдөр хэвлэлийнхэнд өгсөн юм.  

Өвчтөн 42 настай, Улаанбаатар хотын иргэн бөгөөд нагац дүү нь түүнд өөрийн элэгний талыг “бэлэглэж” амьдрал хайрласан байна. Одоогоор донорын биеийн байдал сайжирч энгийн тасагт шилжжээ. Харин өвчтөний хувьд биеийн байдал нь тогтвортой, хэвийн, хагалгааны дараах эмчилгээндээ хамрагдаж байгаа аж.

Энэ үеэр ХСҮТ-ийн Ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн “Хагалгаа нийт 7 цаг 7 минут, донорын хагалгаа 5 цаг гаруй үргэлжилсэн. Хагалгааны явцад цус гараагүй, цус сэлбэх шаардлага гараагүй. Хагалгааны дараах үе жигд явж байна. Бүрэн эдгэрээд гартал эмч бид тайвширдаггүй. Эмнэлгийн үүдээр гарахад л эдгэрлээ гэж ярьдаг.

Бидний гол зорьж байгаа зүйл элэгний хорт хавдрыг цогцоор нь шийдэх. Элэгний хорт хавдрыг цогцоор нь шийдэхэд энэхүү хагалгаа том алхам боллоо. Хагалгааны техник, процессын хувьд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг дээр хийгдэж байгаагаас ялгаагүй. УНТЭ-ийн хувьд 40 гаруй хагалгаа амжилттай хийсэн, туршлагатай.

Энэ жил манай төсөвт 650 сая төгрөг буюу 7 хагалгааны мөнгө Засгийн газраас тавьж өгсөн. Элэг нэгт Монголчууд хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт хийгдэж байгаа. Бид 2018 ондоо 7 хагалгаа, цаашид жилдээ 20 орчим хагалгаа хийхээр төлөвлөн ажиллаж байна. Бид элэгний хатуурал дээр хавдартай хүнийг сонгож хагалгаагаа хийж байгаа.

Элэгний хорт хавдрын өвчлөл өндөр хэвээрээ байна. Эрт илрүүлэх тусам өвчлөлийн тоо нэмэгдэнэ. Гэхдээ өвчлөлийн тоо гэхээсээ илүү бид нас баралтаа бууруулахаар зорьж ажилладаг” гэлээ.

Г.Зул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button