Автомашины улсын дугаар солих шаардлага бий юу

Тээврийн хэрэгслийн улсын дугаар гэдэг бол тухайн тээврийн хэрэгсэлд олгож байгаа бүртгэлийн дугаар. Манай улсад олгож байгаа улсын дугаар 3 үсэг,4 тооноос бүрдэж байгаа. Гэтэл одоогийн улсын дугаар олон улсад “гологдож” байгаа аж.
Албаныхны зүгээс “НҮБ-аас гаргасан конвенцид нэгдэн орсноор зайлшгүй шинэчлэх шаардлагатай болсон. Автомашины дугааржуулалтыг үсэг, тэмдэглэгээ буюу тоо үсгийг олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор MNS 44102002 гэсэн стандартын дагуу ажиллаж байна” гэх модон тайлбараа өгсөөр байна. Тэгвэл энэ асуудлаар салбар яамдууд нэгдсэн байр суурьд хүрч чадаагүй бололтой. Учир нь өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдааны үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Автомашины дугаарыг солих гэж байгааг Хууль зүйн яам дэмжихгүй. Номер хийдэг бизнес л яваад байх шиг байна. Монголчуудаас цөөн тооны хүн л авто машинтайгаа хоёр хөрш рүүгээ л нэвтэрч байгаа. Зөвхөн үүний төлөө болж байгаа юмаа албадаж солих тухай асуудал гаргаж болохгүй. Цагдаа нарт албадаж автомашины номер солих ажиллагаа явагдвал оролцож болохгүй гэдэг үүрэг өгсөн. Хэрвээ номер сольж, шинэ стандарт руу шилжиж байгаа бол шинээр авах хүмүүстээ л өг. Хуучныг албадаж давхар бизнес хийж болохгүй гэдгийг үүрэгдсэн" гэв.
Эрхэм сайдын энэ үгийг цахим хуудаснаа дэмжих хүн олон байв. Үнэхээр ч Монголчууд өдөр шөнөгүй өглөө оройгүй өөрийн тээврийн хэрэгсэлтэйгээ хилийн дээс даваад байх боломжгүй. Иймээс цөөн тооны тээврийн хэрэгсэлд хамаарах асуудлыг бусдад нь хамаатуулж, нэг үгээр бизнес хийхийг олон нийт таашаахгүй байна.
Одоогийн мөрдөж буй тээврийн хэрэгслийн улсын дугаар тэмдэгийн стандарт 2002 онд батлагдан өнөөдрийг хүртэл мөрдөж байгаа. Энэ стандарт батлагдах үед Монгол Улсын хэмжээнд 142463 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан бол 2016 оны жилийн эцсийн байдлаар 5.8 дахин нэмэгджээ. Тэгвэл дээрх тооны тээврийн хэрэгсэл улсын дугаарыг шинэчлэх нэрийн дор тус бүр 20 мянган төгрөгийг хураалгах болж байна. Энэ бол тэрбумаар яригдах бизнес. Үнэндээ Улаан-Үүд, Эрээнээс цааш хэтэрдэггүй Монголчуудад дугаарын шинэчлэл нэг их ач тусаа өгөх зүйл биш гэдгийг шүүмжлэх иргэд олон байна.
П.ГОО
Оллоо.мн