Монгол эмч НҮБ-ын шагнал хүртлээ

НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Оюуны өмчийн байгууллагаас шинийг санаачлагч, зохион бүтээгчдэд олгодог “Алтан медаль”-иар П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Ц.Лочин шагнуулжээ. Түүний шагналыг өнөөдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү гардуулж өгсөн байна. Тус шагналыг улс орны эдийн засаг, технологийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байгаа шинэ бүтээл зохион бүтээсэн хүмүүст олгодог.
Ц.Лочин нь мэс заслын олон багаж шинээр зохион бүтээж олон патент, ашигтай загварын гэрчилгээ авсан Монгол Улсын Шилдэг зохион бүтээгч юм. Тухайлбал, тэрээр дурангийн хагалгааны үед хэвлийн шархыг дээш татаж оёход хэрэглэх багаж, цөсний хүүдийн чулууг авах багаж, олон чулуутай цөсний хүүдийн чулууг авах багаж зэргийг зохион бүтээж Монгол Улсын эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Г.Зул