Дахин “хар жагсаалт”-ын харанга дэлдэх үү

Харин 2013 онд Монгол Улсыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны стратегийн дутагдлуудаа зассан явдлыг өндрөөр үнэлж, өөрийн хяналтаас гаргах тухай шийдвэрийг гаргасан байдаг. Хууль эрх зүйн орчин бүрдүүлэхийн тулд багагүй чармайж ажилласны хүчинд “хар жагсаалтад” бичигдэхээс аврагдсан гэсэн үг юм.
Харин одоо ФАТФ анхааруулга өгчээ. Үүнтэй уялдан өчигдөр ХЗДС Ц.Нямдорж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль нь банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгалын компаниуд, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг этгээд, валют худалдах, худалдан авах үйл ажиллагаа эрхэлдэг этгээд, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг этгээд гээд маш өргөн хүрээг хамарсан хууль юм.
Хууль санаачлагчийн зүгээс цаг үе, нийгмийн хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн, аливаа зөрчил, хийдэлгүй байх нийтлэг зарчимд тулгуурлан Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (цаашид “ФАТФ” гэх)-ын зөвлөмжүүдэд нийцүүлэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах дараах зайлшгүй практик шаардлагууд үүсч байгааг тодотгосон байна.
Хэрэв Монгол Улс хар жагсаалтад багтвал эдийн засгийн хувьд эрсдэл үүрнэ. Тодруулбал, Монгол Улс энэ жагсаалтад орсон тохиолдолд хөрөнгө оруулагчид болон олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын зүгээс Монголд хийх хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл тусламжаа зогсоогоод зогсохгүй наад зах нь иргэдийн хувьд гадаадад аялахдаа ашигладаг мастер, виза картуудаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаадын банкууд Монголын банкууд руу мөнгө шилжүүлэхээс татгалзахад хүргэж магадгүй нөхцөл байдал үүснэ. Иймээс эрх баригчид ирэх аравдугаар сараас өмнө хууль эрх зүйн орчиноо өөрчилж, дутагдлуудаа засах үүрэг хүлээж байна.
Оллоо.мн