Энэ онд 610 тэрбум төгрөгөөр нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нөхнө

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.
Гишүүдийн олонх Монгол Улсын эдийн засаг хямарч, дефолт зарлахдаа тулсан үед ОУВС-ийн хөтөлбөрт багтахын тулд долоон төрлийн татварыг нэмэхээс өөр арга байгаагүй. Өнөөдөр эдийн засагт эерэг өөрчлөлт гарах үед цаг, хугацаа алдалгүй Засгийн газраас Хүн амын орлогын албан татварыг нэг шатлалтай болгох хуулийн төсөл оруулж ирснийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Үүний зэрэгцээ эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, татварын бааз суурийг өргөжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллаж байгаа эсэхийг илүүтэй тодруулж байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын зээлжих зэрэглэл таван шатаар буурсан байсан. Харин Засгийн газар зээлжих зэрэглэлийг нэг шатаар ахиулаад байна. Сүүлийн жилүүдэд төсөв алдагдалтай гардаг байсан бол өнгөрсөн жил анх удаа төсвийн орлого нэмэгдсэн. Мөн өнөөгийн үнэ цэнээр дотоодын нийт бүтээгдэхүүний 76 хувийг эзэлж байсан өрийн хэмжээг 74 хувь болгон буулгалаа. Засгийн газар өнгөрсөн хугацаанд арилжааны банкуудаас нэг ч төгрөгийн өндөр хүүтэй зээл аваагүй бөгөөд цаашид ч авахгүй байхаар ажиллаж байна. Арилжааны банкуудаас авсан гурван их наяд төгрөгийн өрийг төлнө хариулж байлаа. Түүнчлэн Сангийн яам, Татварын ерөнхий газартай хамтраад Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулан ажиллаж байна” гэдгийг тодотголоо.
Ингээд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Үргэлжлүүлэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэлийг тооцохдоо дараалсан 5 жилийн хугацааг аажмаар буюу 2019 онд 1 жилээр, 2020 онд 1 жилээр нэмж, цаашид 7 жил болгохоор тусгасны бодит шалтгаан, үндэслэл, Нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг хангах талаар авч байгаа арга хэмжээ, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах эсэх, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жилд 6 сараар нэмснийг 3 сар болгон бууруулах болсны үндэслэлийг илүүтэй тодруулж байв.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, нийгмийн даатгал төлсөн иргэдийн олонх 20-30 жил буюу олон жил тасралтгүй хөдөлмөрлөж, шимтгэлээ төлснөөр 30-40 сая төгрөгийг Нийгмийн даатгалын санд хуримтлуулсан байдаг. Гэтэл хэсэг бүлэг хүмүүс хуулийн цоорхойг ашиглаж, 10 сая төгрөгийн шимтгэл төлөөд дараалсан 5 жилд төлсөн өндөр шимтгэлийнхээ дүнгээр тэтгэврээ өндөр тогтоолгосон байна. Нийгмийн даатгалын тогтолцоог шударга болгохын төлөө ийм өөрчлөлтийг оруулсан гэж хариулав.
Мөн Нийгмийн даатгалын сангийн татаас 2015 оноос хойш жил ирэх тусам нэмэгдэж байна. 2015 онд 292 тэрбум, 2016 онд 494 тэрбум, 2017 онд 570 тэрбум, 2018 онд 610 тэрбум төгрөгийг улсын төсвөөс нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нөхөхөөр татаас өгч байна. Ойрын хоёр жилд энэ татаас нэг их наяд төгрөгт хүрэх тооцоо бий. Энэ асуудалд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ажиллаж байна. Харин өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жилд 6 сараар нэмснийг 3 сар болгон бууруулах болсны гол үндэслэл нь монгол хүний дундаж наслалтаас өндөр байсан. Иргэдийн зүгээс энэ асуудалд багагүй гомдол ирүүлсэн. Тиймээс тэтгэврийн насыг жилд 3 сараар нэмэх, ердийн нөхцлөөр эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 насандаа, мөн хөдөлмөрийн хэвийн бус нөхцлөөр 45-55 насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг сонголттой болгож оруулсан гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.
Ингээд УИХ-ын нэгдсэн хуралдаан түр завсарлаж, үдээс хойш Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.