“ЖАСТ”-ын Ш.Батхүүг АТГ шалгаж байх зуур арбитрын маргаанд “Эрдэнэт” ялагджээ

Үүнтэй холбогдуулан чуулганы хуралдааны үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “ганц саалийн үнээ болсон “Эрдэнэт” үйлдвэрийн хаалгыг барилаа” гэсэн үгийг унагалаа. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Өмнөд Африкийн "Стандарт" банк болон Монгол Улсын "Жаст" групп хоорондын маргаан явж байгаа юм билээ. Шийдвэрүүд нь гарчихсан. Энэ маргаанд Засгийн газар тал болж оролцоогүй. Тиймээс Засгийн газарт хүлээх үүрэг, хариуцлага байхгүй. Баталгаа гарсан гэдэг асуудалд эрүүгийн хэрэг үүсчихсэн шалгагдаж байгаа. Бүр 2013, 2014 онд шүү. Тэр хэрэг нь АТГ-т шалгагдаж байна. Сүүлд "Хадгаламж" банкийг хураах асуудал үүсч, Ш.Батхүү гэдэг хүнийг хорьсон байдаг. Дээр нь, шүүхийн шийдвэрийг нь биелүүлээгүйтэй холбогдуулан алданги, хүү тооцдог. Үүний талаар цаашид яриа, хэлэлцээр хийх асуудал байгаа юм билээ. Энэ маргаан бол цэвэр "Эрдэнэт" үйлдвэр, "Стандарт" банк хоорондын асуудал юм” гэсэн мэдэгдлийг хийлээ.
Мөн “Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүд холбогдох хэргийг АТГ шалгаж байгаа талаар ХЗДХ-ын сайд мэдэгдлээ. Ийнхүү хэргийн эзэн, хэнгэргийн дохиур гэгдэх “ЖАСТ”-ын Ш.Батхүүг АТГ шалгаж байх зуур арбитрын маргаанд "Эрдэнэт" ялагдаад байна.
Мөн албаны эх сурвалжийн мэдээллээр яаралтай арга хэмжээ авахгүй бол “Эрдэнэт үйлдвэр”-ийг битүүмжлэх ажиллагаа цаг хугацааны асуудал болоод байгааг мэдэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэрийн дагуу 102 сая долларын өр төлбөрийг барагдуулах үүргийг хүлээгээд байгаа аж.
Ийнхүү “Эрдэнэт үйлдвэр”-ээс баталгаа гаргаад гарын үсэг зураад өгчихсөн өр зээлийн асуудал өндрөө авч байна. “Эрдэнэт” бол Төрийн өмчит улсын үйлдвэрийн газар. Иймээс Засгийн газар энэ асуудлаас хойг сууж болохооргүй нөхцөл байдал үүсчихээд байгаа юм.