Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын 40 жилийн ой тохиож байна

Энэ жил Олон улсын хүүхдийн Найрамдал төвийн 40 жилийн ой тохиож байна. Тус цогцолбор нь 1978 онд байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл улс үндэстний хүүхэд, өсвөр үеийнхний амралт, чөлөөт цагийн хөгжлийн хөтөлбөрийг зохион байгуулах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, хүүхдийн эрэлт хэрэгцээ сонирхолд нийцсэн эсэхэд сэтгэл ханамжийн судалгаа авч, хөтөлбөрийн орчин, арга зүйг сайжруулсаар байгаа билээ. Тус цогцолбор жилдээ өдрөөр, 3-10 хоногоор 40 орчим ээлжийг зохион байгуулж, дотоод гадаадын 40,000 гаруй хүүхэд өсвөр үеийнхнийг хүлээн авч амруулан, үндэсний болон олон улсын 10 гаруй арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг.
2000 онд Олон улсын зуслангуудын холбооны гишүүнд элсэж, 2004 онд Азийн зуслангуудын холбоог санаачилан байгуулсанаас хойш эдгээр байгууллагуудын тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байна. Түүнчлэн БНЭУ-ын Балбахаваны ордон, ОХУ-ын Артек, Орлёнок зуслан, Австрали, БНХАУ, ОХУ, БНСУ, АНУ-ын хүүхэд, залуучуудын байгууллагуудтай хамтарсан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байна. Жил бүр үндэсний хэмжээнд ажилладаг хүүхдийн зуслангуудын удирдах ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудын удирдагч багш нарт зориулсан сургалтыг зохион байгуулж, ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллаж, орон нутгуудад мэргэжил, мэдээлэл, арга зүйн сургалт, сурталчилгааны “Найрамдал” экипажийг ажиллуулж байна. Тус цогцолбор нь хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээгээ шинэ шатанд гаргах, тэдэнд зориулсан хөтөлбөр, үйл ажиллагааны чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд 2010 оноос Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2008 стандартыг хэрэгжүүлж, 2 дахь удаагийн итгэмжлэлээ авч, өөрийн үйл ажиллагаандаа энэхүү стандартыг нутагшуулсан анхны хүүхдийн байгууллага болсон. Хүүхэд өсвөр үеийнхэнд байгалиа хамгаалах нөхөн сэргээх мэдлэг, боловсрол, хүмүүжлийг хүүхдийн зуслангийн хөтөлбөрөөр дамжуулан олгох, байгальд учруулж байгаа хүний нөлөөллийг бууруулах Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO 14001:2010 стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болох зорилт тавин ажиллаж байна. Хүүхэд, өсвөр үеийнхний хөгжлийн хэрэгцээнд нийцүүлэн хүүхдийн эрхэд суурилсан хөгжлийн хөтөлбөрийн арга зүйг:
- Дэлхийн соёл-Харилцааны баялаг
- Эрх зүй- Миний хамгаалал
- Гадаад орчин-Эр зоригийн шалгуур
- Миний авъяас-Бидний хөгжил
- Ногоон дэлхий-Бидний оролцоо чиглэлээр шинэчлэн боловсруулан ажиллаж байна.
Хөгжлийн хөтөлбөр нь амрагч хүүхдэд чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, Монгол ёс заншил, уламжлал, соёлыг сэргээн хүүхэд залууст өвлүүлэх, гэр бүлийн ёс зүй, харилцаа, үнэ цэнийг нэмэгдүүлэх, эрүүл аж төрөх ёсонд сургах, эх оронч сэтгэлгээтэй болгон хөгжүүлэх, амьдрах арга ухаанд сургах, байгаль экологийн хүмүүжил олгох, боловсролтой, эрсдлийг даван туулах чадвартай дэлхийн иргэн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Тус цогцолбор нь 2017 онд 6,000 гаруй хүний оролцоотой Скаутын олон улсын зуслан зохион байгуулсан туршлагадаа суурилан хүүхдийг амьдрах ур чадвар, байгалийг танин мэдэх, айдсаа даван туулах, бие даах, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд сургах зорилготой “Найрамдал-40” майхант дэд зусланг зохион байгуулж, 2000 хүүхэд, гэр бүл, насанд хүрэгчдийг хамруулахаар ажиллаж байна. Улс үндэстний хүүхэд, залуучуудыг шинэ зууны иргэн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлж, тэдний амарч, хөгжих эрүүл таатай орчинг бүрдүүлэн үйлчлэх зорилгоо амжилттай хэрэгжүүлж байгаа тус цогцолборын 40 жилийн ой 2018 онд тохиож байгаа юм. Түүхт ойгоо угтаж ажилтан албан хаагчид тэдний хүүхэд гэр бүл, үе үеийн ажилтан, амрагч хүүхдүүдийн дунд болон үндэсний олон улсын түвшинд зохион байгуулах ажлаа төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна. Ойг зохион байгуулах ажлын хүрээнд:
Үндэсний түвшинд:
• Хүүхдийн урлагийн их наадам
• Хүүхдийн үндэсний чуулган
• “Найрамдал” экипаж”
• “Хүүхдийн зуслан-Хөгжлийн төв” удирдах ажилтны сургалт
• “Бид Найрамдалд очно” уралдаан
• “Энэрэнгүй үйлётэн” Улаан загалмайчдын цугларалт
• Техник технологийн олимпиад
• “Найрамдал-40” төвлөрсөн арга хэмжээнүүд
Олон улсын хэмжээнд:
• “Зуслангийн удирдагчдын шинэ дүр төрх” залуу багш нарын сургалт
• “Мөнгөн хараацай” хүүхдийн урлагийн наадам
• “Найрамдал-40” майхант зуслан
• Олон улсын ээлжүүд, солилцооны хөтөлбөр
Цогцолборын бүтээн байгуулалт, мэдээллийн чиглэлээр:
• “Найрамдал-40”Түүхийн ном
• “Дурсамжаар хөглөгдсөн он жилүүд” Ажилтан, амрагчдын дурсамжийн номын Гуравдугаар дэвтэр
• “Монголын хүүхдүүд-3” гэрэл зургийн цомог
• “Найрамдал-40” баримтат кино
• “Бид Удирдагчид” зуслангийн удирдагчдад зориулсан хөшөө
• “Хөгжлийн хөтөлбөр”, “Тоглоомын тойрог” Хүүхдийн дунд зохиогддог хөгжлийн хөтөлбөрийн гарын авлагууд
• “Хүүхдийн гүрэнт улс” Түүхийн музейн шинэчлэл
• “Од эрхэсийн орноор” Одон орны танхимын шинэчлэл
• “Ярилцъя, найз аа” Хүүхэд, гэр бүлд зөвөлгөө өгөх танхим
• “Манайд зочлоорой!” Гэр бүлийн хөгжил, мэдээллийн танхим
• “Өвлөн суралцацгаая!” Ардын зан заншлын танхим
• “Дуулцгаая, Найзууд аа!” Караоке танхим
• “Хөгжлийн гарц” Бүлгийн удирдагчдын хөгжлийн танхим