ФОТО: “Улаанбаатарын өвлийн наадам 2018”

Өвлийн наадмыг нээж нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан үг хэлсэн юм. Тэрээр зорин ирсэн зочид, гэр бүл, хүүхэд залууст талархал илэрхийлж, өвлийн наадамдаа амжилттай оролцохыг хүсээд “Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын 4 жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт их хотоо “Зүүн Хойд Азийн аялал жуулчлалын төв” болгох том зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд жилийн дөрвөн улиралтай, онцлог цаг агаартай Улаанбаатар хотдоо “Өвлийн аялал жуулчлал”-ыг хөгжүүлэхийг бид чармайн ажиллаж байна. Өнгөрсөн жилийн өдийд энэ наадмыг бид амжилттай зохион байгуулж, аялал жуулчлалынхаа салбарт нэг шат ахисан гэдгийг онцолмоор байна. Дэлхийд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тэргүүлж байгаа олон хот, улс орон өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр үндэсний онцлогоо харуулсан, жуулчдыг өөрийн оронд татах цас, мөсний төрөл бүрийн баяр, цэнгүүнийг зохион байгуулж алдаршсан байдгийг бид бүгдээр мэднэ. “Улаанбаатар өвлийн наадам” нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний уламжлалт цас мөсний наадгай, тоглоомоор бүх нийтээрээ тоглож нааддаг болох, гадаадын иргэд жуулчдын тоог нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, олон улсын нэр хүндтэй өвлийн улирлын наадам болно гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.