Аудитын байгууллагын ажилчдын цалингийн нэмэгдлийг 5-35 хувиар тогтоохыг дэмжлээ

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ талаар Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар танилцуулсан.

Төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг хууль тогтоомжийн дагуу баталгаажуулах шаардлагатай байгаа тул төрийн тусгай албанд олгодог төрийн алба хаасан хугацааны, албан ажлын онцгой нөхцөлийн, мэргэшлийн зэргийн нэмэгдлүүдийн хэмжээг тогтоохоор тогтоолын төслийг боловсруулсан байна Уг тогтоолын төсөл батлагдсанаар Төрийн аудитын байгууллагын цалингийн зардалд өөрчлөлт орохгүй бөгөөд одоо олгож буй хувь хэмжээгээр цалингийн сандаа багтаан олгох боломжтой болно. Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 5-25 хувиар, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 30 хүртэл хувиар, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 35 хүртэл хувиар тогтоохоор тусгасныг Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар танилцуулгадаа онцлов.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Ц.Нямдорж нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг хууль тогтоомжийн дагуу баталгаажуулах шаардлагыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ аудиторуудын чадвар чадавхийг дээшлүүлэх, хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах, эл салбарын эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллахыг анхааруулсан.

Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар, эрх зүйн орчныг шинэчлэхэд анхаарч ажиллаж байгаа бөгөөд салбарын бодлогын баримт бичгийг боловсруулах ажлыг хийж эхлүүлсэн. Төсөл бэлэн болохоор УИХ-ын хаврын чуулганы үеэр өргөн мэдүүлэхээр ажиллаж байна гэж хариулж байлаа. Ингээд Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. 

П.ГОО

Оллоо.мн 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button