“Морин хуур” наадмын шилдэг уран бүтээл энэ сарын 12-нд тодорно
Жил бүр уламжлал болон зохиогдож шилдэг уран бүтээл тодруулдаг "Морин хуур" наадам 31 дэх жилдээ зохиогдож байна. Наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт энэ сарын 10-ны өдөр Улсын Филармонид болох бөгөөд 2017 оны шилдэг уран бүтээлийг шалгаруулах гуравдугаар шатны шалгаруулалт энэ сарын 12-ны өдөр Соёлын төв өргөөнд болно.
Үндэсний хөг эгшиг, өв соёлоо дээдлэх, Монгол дууны урын санг баяжуулах, төрөл хэлбэр, агуулгыг өргөжүүлэх содон бүтээлээр баяжуулах зорилготой “Морин хуур” наадамд Ардын жүжигчин А.Долгор, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, У.Далантай, Ө.Уянга, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, БЦДБЭЧ-ын гоцлол дуучин Б.Батбаатар нар өрсөлдөж байна.
Шилдэг бүтээлийг мэргэжлийн, нийтийн, эстрадын дуу гэсэн гурван төрөлд шалгаруулах аж.