Утаанд зарцуулсан мөнгөний учрыг олно гэв үү
Тодруулбал өчигдөр Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Цэвэр агаар сан”-аас 2012-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хийсэн хөрөнгө оруулалт, үйл ажиллагаанд аудит хийлгэх саналыг гишүүд гаргасан байна. Үүнийг байнгын хорооны гишүүд дуу нэгтэйгээр дэмжиж, саналыг өргөжүүлж, 2008 оноос хойш агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт, үйл ажиллагаанд аудит хийхээр боллоо. Улмаар “Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлд өөрчлөлт тусган, баталлаа. Ингэснээр утаа нэрээр болсон болоогүй нэлээд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүнээс боловсруулсан зуух буюу утаагүй зууханд нийт 68 тэрбум төгрөг, гэрийн дулаалгад зориулж 12 тэрбум төгрөг, цахилгааны хөнгөлөлтөд 3.5 тэрбум төгрөг, уурын зуухыг сайжруулж, шинэчлэхэд 17.9 тэрбум төгрөг зарцуулсан гэх мэтчилэнгээр уртаас урт жагсаал хөвөрч байна. Мөн цахилгааны хөнгөлөлтөд 60 мянган айл хамрагдсан байх юм. Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах хөрөнгөний 80 тэрбумыг “Цэвэр агаар сан”-гаас гаргасан бол Засгийн газар 70 тэрбум, “Мянганы сорилтын сан”-гаас 50 тэрбум төгрөг олгосон байгаа. Энэхүү мөнгө хөрөнгийг он оноор нь авч үзвэл 2012-2013 онд агаарын бохирдлыг бууруулахад 105 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэхүү хөрөнгөний 80 гаруй хувь нь нийслэлд зарцуулагдсан байна. Харин 2013- 1014 агаарын бохирдлыг бууруулахад нийслэлд 22 тэрбум төгрөг төсөвлөсөн бол 2015 онд агаарын бохирдолд 15 тэрбум төгрөг төсөвлөсөн билээ.
Албаныхны хэлж байгаагаар 2008-2016 оны хугацаанд улсын төсвөөс 147 тэрбум төгрөг, гадаадын төсөл хөтөлбөрөөс 60 гаруй сая ам.долларыг зарцуулсан байдаг тухай дурдсан байна. Энэ мэт агаарын бохирдол нэрээр зарцуулагдсан хөрөнгийн хэмжээ тэрбум тэрбумаар яригдаж байна. Ямартай ч Аудитын ерөнхий газрынхан ирэх жилийнхээ ажлын төлөвлөгөөнд утаанд хэн хичнээн төгрөг зарсныг олж илрүүлэхээр тусгалаа.
Оллоо.мн