“Тахтын цом”-ын тэмцээн эхэллээ

Чөлөөт бөхийн “Тахтын цом” эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн өнөөдөр Ираны Табриз хотод эхэллээ. 23 орны 180 гаруй тамирчин өрсөлдөж буй тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын удирдлага дөрвөн тамирчин өрсөлдөж байна.

57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр 1/4 шигшээд Армений Михран Жабурянтай оноолт таарчээ. Түүнийг ялбал эзэн орны Хамид Халили, Туркменистаны Меретмухаммет Атаев нарын ялсантай хагас шигшээд учраа таарна.

65 кг-д ОУХМ Т.Тулга тэгшитгэлд “Лас-Вегас-2015” ДАШТ-ий хүрэл медальт, Украины Василий Шуптартай хүч үзэхээр болсон. Түүнийг ялсан тохиолдолд 1/4 шигшээд Болгарын Филипп Новачковтой барилдана. 

92 кг-д ОУХМ Ө.Батзул Гүржийн Луза Церцвадзетэй,125 кг-д спортын мастер М.Лхагвагэрэл Туркийн Октай Гунгортой 1/8 шигшээд тус тус оноолт таарчээ.

Тэмцээн хоёр өдрийн форматаар болж байгаа бөгөөд өнөөдөр урьдчилсан болон хагас шигшээ, маргааш дагах болон медалийн төлөөх барилдаан явагдана.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button