Ц.Нямдорж: Картаа шургуулж хаячихаад явчихсан гишүүдээ дууд
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа санал хураалт явуулахад олонхийн саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.
Үүнтэй холбогдуулан хууль санаачлагч УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Гишүүдийн ирцээ бүрдүүлсний санал хураах хэрэгтэй байна. Ардын намын бүлгийн дарга нар гишүүдээ оруулж ир. Картаа шургуулж хаячихаад явчихсан гишүүдээ дууд. УИХ-ын гишүүд хариуцлагатай байх ёстой. Би энд олон жил суусны хувьд хэлж байна. УИХ-ын гишүүдийг ирцээ бүрдүүл гэхээр Засгийн газрын гишүүд чинь ирэхгүй байна гэж ацаглаад байх юм. Аль аль нь хариуцлагатай байх ёстой. Одоо боль. Гишүүдийн ирцээ бүрдүүлсний дараа дахин санал хураалгах горимын санал гаргаж байна. УИХ-ын дарга та, гишүүдийнхээ ирцийг бүрүүл” хэмээн шаардсан юм.
Үүнд УИХ-ын дарга М.Энхболд “Энэ танхимд чинь 26 хүн байна. Эд нар саналаа өглөө. Засгийн газрын гишүүд нь дөрөв байна. Бүх юманд УИХ буруутай гэж болохгүй. Засгийн газрын дөрвөн гишүүн л байна. Горимын саналаар санал хураалгая гэж байгаа бол санал хураая” гэлээ.
Улмаар Ц.Нямдорж гишүүний гаргасан саналын дагуу горимын санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингэснээр Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаалаа.
П.ГОО
Оллоо.мн