Р. Чойном, О.Дашбалбар нар энэ өдөр мэндэлж байжээ
Өнөөдөр Билэг танхай яруу найрагч, Төрийн шагналт Р.Чойном, Төрийн шагналт, нэрт яруу найрагч, эх оронч О.Дашбалбар нарын мэндэлсэн өдөр тохиож байна. Р.Чойном 1936 оны энэ өдөр Хэнтий аймгийн Дархан сумын нутагт мэндэлсэн бол О.Дашбалбар 1957 онд Сүхбаатар аймгийн Наран сумын нутагт төржээ.
Билэг танхай яруу найрагч, Төрийн шагналт Р.Чойномын “Хүн”, “Ээждээ айлгаж хэлсэн үгс”, “Зарим заримдгуудад зориулсан шүлэг”, “Бяцхан сургаал-1”, “Залуу нас”, “Архи” зэрэг шүлэг нь эдүгээ монгол түмний сэтгэлд хоногшин үлдсэн юм.
Мөн Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цогт эх оронч, яруу найрагч О.Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ”, “Тэнгэр шиг бай”, “Залуус дүү нартаа хүргэх шүлэг”, “Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү” зэрэг олон сайн бүтээлийг монгол түмэн андахгүй.
Тэднийг хүний зүрх сэтгэлд хүрсэн уран бүтээл туурвидаг яруу найрагчид хэмээн одоо ч дурсан санадаг.
Р.Чойном 43 насандаа энэ хорвоог орхисон бол О.Дашбалбар мөн л 42-хон насандаа хорвоог орхисон юм.
Г.Зул