Баянхонгороос улсын аварга малчин 10, аварга саальчин хоёр төржээ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж байна.

 Тэрээр энэ сарын 10-ны бямба гаригт аймгийн иргэдтэй уулзалт хийж, УИХ-аас баталсан хууль, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа шийдвэр, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариуллаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир болон Баянхонгор аймгийн удирдлагууд оролцлоо.

 Засгийн газар Чингис бондын өрийг хугацаанд нь төсөвт хүндрэл учруулахгүйгээр төлсөн нь хөрөнгө оруулагчид болон гаднын зах зээлд эерэг мессэж боллоо. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид буцаан авч, нийт хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэхээр болсон, олон жил ярьсан шинэ Төв цэвэрлэх байгууламж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлэх шийдвэр гаргалаа. 2018 оныг Хариуцлагын жил болгож Засгийн газраас зарлалаа. Энэ хүрээнд төрийн байгууллагууд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн санал, хүсэлт, өргөдөл гомдлыг хугацаанд шийдвэрлэн хариу өгч, төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй үзүүлж байхыг үүрэг болгосон. Гурван тулгуурт хөгжлийн бодлого баталсан талаар танилцуулж, мэдээлэл өглөө. Мөн “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Гурваас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт улирал тутамд тэтгэмж олгож байна гэлээ.

Ахмадын тэтгэврийг нэмсэн, тэтгэврийн зээлийн хүүг бууруулсан, оюутны сургалтын төлбөрийн зээлийг хүүгүй болгосноор 37 мянган оюутан Боловсролын сангийн зээлийн санд хамрагдах боломж бүрдэж байна зэрэг мэдээллийг иргэдийн асуултад хариулах үеэрээ хэллээ.

 Баянхонгор аймгаас энэ жил улсын аварга малчин 10, аварга саальчин хоёр төржээ. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар тус аймгийн Өлзийт, Жинст, Баянлиг, Богд суманд ажиллаж Засгийн газрын шагнал гардуулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button