Гишүүд тойргийнхондоо сар шинээр ямар бэлэг бэлдэв
Чуулганы хуралдаандаа суудаггүй учраас эгүүлэн татах хүртэл асуудал хөндөгдсөн гишүүн бол Б.Наранхүү. Тэгвэл эрхэм гишүүн Б.Наранхүү тойрогтоо “гурил ажиллагаа”-г манлайлан эхлүүлсэн байна.
Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тойрогтоо гурил тарааж байгаа үйл явц цахим хуудаст олны анхаарлыг татаад байна. Харин тэрбээр “УИХ болон дэгийн тухай хуульд гишүүд гурил будаа, эд материал тараахыг хатуу хориглоно гэсэн заалт оруулж өгөх хэрэгтэй. Ийм байвал надад ч сайхан байна. УИХ-ын гишүүд тойргийнхоо ахмадуудтай уулзаж байгаа мөнгө хувиас нь гарч байгаа” хэмээн хэвлэлийнхэнд тайлбар хийв. Түүний хувьд бусад гишүүдийг дууриаж хувиасаа хөрөнгө гарган байж ахмад настнуудад гурил тараасандаа сэтгэл хангалуун бус байгаа бололтой юм.
Өнгөрсөн парламентад Баянхонгороос сонгогдож байсан УИХ-ын гишүүн Д.Ганбат тойрогтоо битон тарааж, хэсэгтээ шуугиулсан. Тэгвэл энэ удаад мөн л Баянхонгороос сонгогдсон УИХ-ын гишүүн М.Билэгт тойрогтоо данх, барбарис чихрийн хамт тарааж байгаа гэнэ. Мөн Баянхонгороос сонгогдсон Д.Занданшатар гишүүн ч сонгогч түмэндээ гарын бэлгээ хүргүүлжээ. Ийнхүү Баянхонгорчууд төр илгээсэн түшээдийнхээ буянаар битон, данх, халуун савны хэрэгцээгээ хангаад авсан байна.
Харин УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд тойргийнхоо 70-аас дээш насны ахмадуудад бэлэг тараасан байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт багачуудад чихэр боовхон тараасан бол ахмад настнуудад тавгийн идээний ул боовоор бэлэг барьжээ.
Чингэлтэй дүүргийн Засаг ноёны сэнтийгээс УИХ-д заларсан эрхэм гишүүн Д.Ганболд ч бас дараах гарын бэлгийг өөрийн нэрийн хуудсын хамт тойргийн иргэддээ илгээсэн байна.
П.ГОО
Оллоо.мн