Иргэд эдийн засгийг өөдрөгөөр харж байна
Хэрэглэгчид яг юу хүсэн хүлээдэг нууцыг тайлж чадвал ирээдүйг төсөөлөхөд амар байхсан. Иймд Голомт банкны эдийн засагчид Санхүүгийн зах зээлийн холбоотой хамтран Хэрэглэгчийн хүлээлтийн индексийн судалгааг эдийн засгийн 14 салбарын 1062 ажил эрхлэгчийг түүвэрлэн, биечлэн ярилцах замаар хийсэн байна. Энэхүү индекс нь ирээдүйд эдийн засагт гарах өөрчлөлтийн дохио болдог тул 1950-аад оноос хойш хөгжингүй орны бизнес эрхлэгчид болон шийдвэр гаргагчид аливаа төлөвлөгөө боловсруулах, эрсдэлээ тооцохдоо ашигладаг болжээ. Учир нь эдийн засагт оролцогчдын хүлээлт нь бодит эдийн засгийн цаашдын ирээдүйг тодорхойлдог юм.
Манай улсын хэрэглэгчийн хүлээлтийн индекс нь 2017 оны 4-р улиралд өмнөх оны мөн үеэс 27 нэгжээр өсч 132-т хүрсэн байна. Энэ өсөлтөд ДНБ 5.8 хувь, дундаж цалин 8.9 хувь, экспортын орлого 34 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Хэрэглэгчдийн хүлээлтийг тоймловол:
- Энэ онд хэрэглэгчид уул уурхай, худалдаа, үйлчилгээний салбарын өсөлтөд өндөр хүлээлттэй байгаа бол ХАА, боловсрол, барилгын салбарт найдлага бага тавьж байгаа нь судалгаагаар тогтоогджээ.
- Ирэх онд инфляци өсөлттэй байх болно хэмээн иргэд хүлээж байгаа аж. Энэ тохиолдолд иргэд үнийн өсөлтөөс зайлсхийх зорилгоор өнөөдрийн худалдан авалтаа нэмэгдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл 2018 онд өрхийн хэрэглээ өсөхөөр хүлээгдэж байна.
- Судалгаанд оролцогчдын 67.1 хувь нь ажлын байрыг тогтвортой, 32.9 хувь нь тогтворгүй байна гэж үнэлжээ.
- Иргэдийн төгрөгт итгэх итгэлийг инфляци болон ханшийн хүлээлтийн дундаж индексээр тодорхойлоход 81.1 хувьтай гарчээ. Өөрөөр хэлбэл долларын ханш өснө гэсэн хүлээлт иргэдэд байна.
- Зээлээр бизнес эрхлэх боломжийн үнэлгээний индекс 58.7 хувь буюу хангалтгүй гарчээ.
- Улаанбаатар хотын стрессгүй байдлын индекс 55.1-ээс нэмэгдэж 65.2 хувь болсон нь хотод амьдрах нь сэтгэлзүйн хувьд хүндрэлтэй ч байдал сайжирч байгааг илэрхийлж байна.
Ямартаа ч иргэд ирээдүйн таван жилийг эерэг байна гэж хүлээж байгаа нь эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, сэргэлтийн үедээ байгааг нотолсон байна.