Үндэсний лигийн зүүн бүсийн хүрэл медалийг Өвөрхангай аймаг хүртлээ
MNBA Үндэсний лигийн зүүн бүсийн хүрэл медалийн төлөөх тоглолт өчигдөр МҮЭСТО-нд боллоо. Зүүн бүсийн гуравдугаар байраар хасагдах шатанд шалгарсан Өвөрхангай аймаг энэ удаагийн тоглолтод сайн байж 110-96-аар хожил байгуулсан юм.
Хөвсгөл аймаг эхний шатандаа Сүхбаатар аймагтай таван тоглолт тун тэнцүү өрсөлдсөн. Гэсэн ч өчигдөр багийн үндсэн тоглолт нь гарч өгсөнгүй бүсийнхээ шилдэг дөрөвт үлдсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүллээ.
Энэ өдөр Өвөрхангай аймгийн хамгаалалт тун нягт байснаас гадна алсын шидэлтүүд нь тун найдвартай байсан юм. Өвөрхангай аймгаас Б.Дархантөгс зургаан холын шидэлтийг амжилттай болгож 23 оноог авсан бол О.Батмагнай 22 оноо, таван самбар, зургаан оновчтой дамжуулалт, зургаан бөмбөг таслалт хийж жигд тоглолтыг үзүүлсэн юм. Харин эсрэг багаас О.Цэлмэг 27 оноо авсан ч багаараа жигд байж чадсангүй хожигдол амслаа.
ШИРҮҮХЭН ЦУВРАЛД ХОВД ШОНХОРУУД ДАВАМГАЙЛАЛТАЙ БОЛЛОО
MNBA Үндэсний лигийн зүүн бүсийг тэргүүлэгч Ховд Шонхорууд тэдний араас дэд байраар хасагдах шатанд шалгарсан Сүхбаатар Альянс-Тех багуудын цуврал гайхалтай болж байгаа билээ. Энэ удаад хоёр багийн цувралын тав дахь тоглолт явагдаж тун тэнцүүхэн өрсөлдөөнийг үзүүлж эцсийн мөчид Шонхорууд баг 85-83-аар хожил байгууллаа. Талбай дээрх тоглолт ширүүн болж байсан бөгөөд Gary Flowers болон Ц.Отгонжаргал нар энэ удаагийн тоглолтоос хөөгдөж дараагийн тоглолтод оролцох боломжгүй болсон юм. Мөн хөгжөөн дэмжигчид тоглолтдоо бүрэн орж сагсанбөмбөгийн төгс мэдрэмжийг өгсөн үзүүштэй тоглолт байлаа. Хожил авсан Шонхорууд багаас BJ Young 27 оноо, арван самбар, долоон оновчтой дамжуулалт өгч багаа манлайлсан бол Г.Цэнгүүнбаяр 19 оноо, есөн самбар, McKinney 15 оноо, 13 самбар авч дабл дабл хийжээ. Харин Сүхбаатар аймгаас Gabe Priutt 19 оноогоор багаа тэргүүлсэн бол эхний гурван оноогүй байсан Б.Батзолбоо шийдвэрлэх үед 13 оноог авч онцгойрсон юм.
Цувралын дараагийн тоглолт Лхагва гарагт 19 цагаас МҮЭСТО-нд болох аж.