Битүүлэх ёсон

Cap гарахгүй битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг "битүүн" хэмээн нэрийддэг. Эл өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ. өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн үздэг байна..

Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа засаж, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавих нь муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг учиртай. Битүүний орой цэвэр цэмцгэр хувцаслаж, өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, ширээгээ засаж дээр нь битүүлгээ тавьж, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэггэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой. Гурван марал одонд идээ өргөж битүүлгээ хөндөнө. Цагаан сарын идээг онцгой хүндэтгэлтэйд тооцдог. Битүүний зоогт эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу, өвчүү байдаг. Хонины бүтэн махыг гэрийн эзэн эхэлж есөн хөндлөнг (толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал) хөндөж эхлээд галдаа, дараа нь бурхандаа өргөөд, гэрт байгаа хүмүүст тараана. Тавиас дээш настанд архи хүртээдэг учиртай.

Битүүлгийн идээ будаанаас идэж, ёслол дууссаны дараа үлгэр, тууль ярихаас эхлээд шагайгаар алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, буга нуух, хорол зэндмэн эвлүүлэх зэргээр тоглодог. Энэ үдэш мал хуйгаа хээр, эд зүйлсээ айлд хонуулахыг цээрлэнэ. Мөн хүн халуун бүлээсээ тасарч айлд хонох, хөлчүүрхэх, өвчин хэлэх, үг сөрөх, хувцсаа гадаа хонуулах, хоосон сав байлгах, өлөн зэлмэн байхыг цээрлэнэ. Бүтэн байхын учир нь битүүний цээр хийгээд зан үйлд бий.

Битүүний өдөр цээрлэх үйл:

 

  • Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлчийн өдөр. Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Мөн айлд хоновол сүнс төөрнө гэж үздэг. Гэрийн эзэн гэртээ байх нь гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишигээ тогтоож буй хэрэг.
  • Битүүний өдөр нохой зодохыг цээрлэдэг. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдоно гэдэг. Харин цадтал нь хоолло.
  • Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл яр шарханд баригдана.
  • Гэр орон харанхуй байх, хувцсаа гадаа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэж, чөтгөр хорлоно хэмээн үздэг.
  • Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Энэ нь ирж буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэх учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ.
  • Гэртээ хэрүүл хийх, өндөр дуугаар орилохыг цээрлэдэг. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй.
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button