Ууц тавих ёсон

Монголчуудын төр ёсны их баяр нь цагаан сар билээ. Хаврын тэргүүн сард шинэлэх болсон тухай сурвалж бичигт тодорхой гарахын дээр монголын эртний улс төрийн бодлогын их ухааны бичиг Дөрвөн төрийн арван буянт номын цагаан тvvх» хийгээд бусад хууль цаазын бичигт бас бататган дурдсан байдаг. Мөн цагаан сарын баяр нь монголын нэгдсэн төр улс байгуулагдсан түүхэн үе цагтай ихээхэн холбоотой аж.

Хаврын урь орж, өлзий учралт барс сар гарах цагаар есөн хөлт цагаан тугаа тахиж их хуралдай хуралдах болсоноос нааш Монгол Улсын харъяат аймгуудын олон ван түшмэд хаврын тэргүүн сарын эхээр бэлэг хүргэн ирж шинийн ёсоор хааны амгаланг эрдэг ёсон тогтсон тухай Рашид Ад Дин тэмдэглэсэн нь буй. Цагаан сарын ёслол нь битүүлэх ба шинэлэх гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэх ба битүүлэх ёс нь хуучин оныг үдэх ,шинэлэх ёс нь шинэ оныг угтах ёслол юм.Энэ өдөр монголчууд аль болох элбэг дэлбэг байхыг хичээдэг нь тэр жилийнхээ амьдралын сайн сайхныг бэлэгдэн буй явдал юм.

Цагаан сарын их ёслолын нэг чухал зүйл бол дайллагын ёс бөгөөд тэр дундаа бүхэл махаар дайлах ёсны тухай энд авч үзье.

Монголчуудын бүхэл махан зоогийг зум, их бүхэл, бага бүхэл хэмээн гурав хувааж болно. Орчин үед монголчуудын хамгийн их хэрэглэдэг махан зоог нь бага буюу гэдэс, шийрээс бусад тураг махыг оруулан зассан зоогийг хэлдэг байна. Дайллагын ширээнд махыг тавихдаа уламжлан ирсэн ёс заншлын дагуу тавина. Бүхэл мах тавихад хонь амьд ахуйдаа ямар байснаар нь эрэмбэлж урд доор нь хүзүү,сээр, хоёр хааг нь, хойт доор нь хоёр гуяны шаантыг урагш харуулан мөчнүүдийг нь яг хэвтэж байгаа юм шиг байрлуулан, дээрээс нь ууцаараа бүтээж, хамгийн дээр нь толгойгоо тавьдаг. Махны эх талыг зочин тийш харуулж засна. Махны эх тал гэдэг нь малын хэвтээ ясны толгой тал руу чиглэсэн үзүүр ,босоо ясны газар руу хандсан талыг хэлж байггаа юм. Зочин толгой талаас нь барьж хажуулдан огтолж идэх ёстой. Битүүний орой гэрийн эзэн есөн хөндлөнг /толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал / хөндөж галдаа өргөдөг. Дараа нь бурхандаа өргөөд гэрт байгаа хүмүүстээ тарааж өгнө. Ууцыг зайхдаа зүүн гараа сүвэрдгэн талаас нь барьж, баруун гараараа уг талын талын намилхайг зvсэж баруун талд нь буулгаж тавина. Ууцыг зөвхөн гэрийн эзэн буюу хүндэт зочин эрэгтэй хүн зайдаг уламжлалтай.

Ууц махыг зөвхөн цагаан сараар ч бус ямар ч үед хvндэт зочныг дайлдаг хvндэтгэлийн зоог болно. Ууц мах нь дотроо их ёсны ууц, бага ууц гэж ялгавартайгаар засагддаг. Зочноо дайлахдаа дан ууц тавьдаггvй. Ерөөс ганц мах хvнд өгдөггүй. Иймээс ууцан дээр дөрвөн өндөр хавиргыг зүсэж өөд өөдөөс нь харуулж намилхай дээр нь тавих ба ууцныхаа баруун дор дал/ хүзүү тавьж болно/ нөгөө талд нь сээр, хонт шаант зэргийг дагуулан ёс ёсоор нь тавьдаг. Ингэж зассан ууцыг бага ууц хэмээн нэрийднэ. Харин үүн дээр хамар ,чихний дээд угийг шар тосоор чимсэн битүү толгойг нэг шийрийн хамтаар нэмж тавьсныг их ёсны ууц гэнэ. Толгой шийрийг хүнд өгөх ёсны дагуу тавих бөгөөд ууцныхаа зүүн гар талд нь толгойг, нөгөө талд нь шийрийг тавина. Ийнхүү тавьсан ууц бүтэн шүүсийг орлодог бөгөөд дээдлэн үзсэн онцгой хүндэтгэл бүхий зочиндоо зориулав. Дэд хүндэтгэлд өвчүү орох боловч тэр болгон хүнд тавьдаггүй. Хэрвээ хүндэтгэвэл зохих эмэгтэй хүн ирвэл өвчүүгээр дайлах ёстой. Өвчүүг дагуулж цорой гургалдай, бугалга, богтос зэргийг тавьдаг уламжлалтай.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button