Сар шинийн барилдаанд Улсын харцага Б.Бат-Өлзий анх удаагаа түрүүллээ
XVII жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаанд Улсын харцага Б.Бат-Өлзий анх удаагаа түрүүллээ.
Үзүүрт Улсын арслан П.Бүрэнтөгс, их шөвөгт Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын арслан Ц.Содномдорж нар шалгарлаа.
Б. Бат-Өлзий нь Ховд аймгийн Зэрэг сумын харьяат бөгөөд 2016 онд Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Амарзаяагаар тав, аймгийн арслан Д.Анараар зургаа даван шөвгөрч "Монгол улсын харцага" цол хүртэж байсан юм. Мөн улсын наадмаас хойш бөхийн өргөөнд явагдсан барилдаануудад хамгийн өндөр амжилт үзүүлж жилийн өндөр чансаатай бөхөөр нэрлэгдсэн билээ.