ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд урилгын дагуу Улсын Их Хурал дахь намын бүлгүүдийн төлөөлөл бүхий 4-5 хүний бүрэлдэхүүнтэй ажиглагчдыг оролцуулахаа илэрхийлээд, хоёр орны хооронд тогтоосон уламжлалт, найрсаг харилцааг хадгалж, стратегийн түвшний харилцаагаа улам гүнзгийрүүлж, үүний дотор өндөр дээд түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа онцлов.
Тэрбээр Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга, хатагтай В.Матвиенко, Төрийн думын дарга В.Володин нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийх урилгатайг дахин нотлоод, айлчлалыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг ноён элчин сайдаас хүслээ. Элчин сайд И.К.Азизов ОХУ-ын Ерөнхийлөгч сонгогдож, тангараг өргөсний дараа уг айлчлалыг зохион байгуулахаар төлөвлөж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.