Угаалгын машинд гацсан хүүг онцгойгийнхон аварчээ

Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа.

Өнгөрсөн хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сум, Төв аймгийн Баянчандмань сум, Увс аймгийн Тариалан сум, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум, нийслэлийн Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарсан зам тээврийн болон ахуйн осол, сураггүй болсон, цасанд суусан дуудлагаар дээрх аймаг, нийслэлийн Онцгой байдлын газраас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулжээ. Үүнд:

-Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 19 дүгээр байранд 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр угаалгын машинд гацсан Б (3 настай, эрэгтэй)-г нийслэлийн Онцгой байдлын газар гаргаж ар гэрийнхэнд нь,

-Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хуучин Оросын тосгон” гэдэг газар 02 дугаар сарын 15-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон иргэн Н (63 настай, эрэгтэй)-ыг тус аймгийн Онцгой байдлын газар мөн өдөрт нь эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

-Увс аймгийн Тариалан сумын Мянган багийн “Ямаатын бөгс” гэдэг газар 02 дугаар сарын 13-ны өдөр 3 зорчигчтой суудлын автомашин Хархираа голын мөс цөмөрч суусан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газар,

– Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Зүүн нарангийн 10 дугаар гудамжинд 02 дугаар сарын 16-ны өдөр ачааны автомашин уулын бэл рүү унаж, айлын гэр дээр унах гээд байна гэсэн дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газар,

-Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Хонхор” гэдэг газар 02 дугаар сарын 16-ны өдөр нэг зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газар тус тус ажиллаж тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллага нийт 6 иргэний амь насыг авран хамгаалав.

Дээрх хугацаанд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллага аюулт үзэгдэл, ослын 30, объектын гал түймрийн 36 нийт 66 удаагийн дуудлагаар ажиллаж 6 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг хангав.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж давхардсан тоогоор 3424 алба хаагч, 1082 нэгж тусгай зориулалтын автомашин үүрэг гүйцэтгэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button