Үндэсний лигийн финалын тоглолт өнөөдөр эхэлнэ

MNBA-Үндэсний лигийн 2017/2018 улирлын Аваргын бөгжний төлөөх тоглолт өнөөдөр эхэлнэ. Аваргын төлөө Баруун, Зүүн бүсийг тус бүр ганцхан хожигдолтой итгэлт төгс тэргүүлсэн хүчирхэг хоёр баг шалгарч үлдсэн юм. Тоглолт өнөөдөр буюу даваа гарагийн 19.00 цагаас МҮЭСТО-ны Спортын ордонд болно.

Баруун бүсийн аварга, Үндэсний лигийн 2016-2017 оны аварга Тордайн Ариунболд эзэнтэй Архангай Алтан Дорнодын Дайчид, Зүүн бүсийн аварга, Ховдчууд эзэнтэй Ховд Шонхорууд гэсэн хүчирхэг багууд аваргын төлөө өрсөлдөнө.

Монгол орны баруун хязгаар Ховд нутгаа төлөөлөн өрсөлдөж буй Ховд Шонхорууд багийн бүрэлдэхүүнд ФИБА 3х3 Азийн аваргын алтан медальт, MVP Энхбатын Дөлгөөн, Готовын Цэнгүүнбаяр, хүчирхэг төвийн тоглогч Дэлхийн Оюутны лигийн аварга Ц. Отгонжаргал, туршлагатай холбон тоглогч Э. Баярбат нараар удирдуулсан эрч хүч залуусын баг юм. Тэдэн дээр Анар, Баярсүрэн, Доржзовд, Баярболд ур чадвараараа ямар ч түвшинд тоглож чадах залуус эрч хүч нэмж, ааш муутай тэсрэлттэй залуу B J Young нэмэгдэнэ.

Арын сайхан хангай нутгаараа овоглон аваргаа хамгаалж буй Архангай Алтан Дорнодын Дайчдын бүрэлдэхүүнд ОУХМ Г.Баттөр, ОУХМ. Ц. Мэргэн, ОУХМ Э. Цэвэлдорж, ОУХМ О. Сэргэлэн, ОУХМ Б. Билгүүн, СМ Э. Дорж-Арилд нар хүчин зүтгэж буй. Тэдэн дээр Азийн Оюутны 3х3 аварга, Дэлхийн Оюутны лигийн аварга О. Энхбаатар, Спрайт Супер лигийн аварга, цагирган дээрээс довтлогч нисдэг залуу А.Энхбаясгалан, Цэвээндорж, Эрдэнэ-Очир зэрэг залуу чадварлаг тамирчид нэмэгдэх юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button