Бүх одод эргэн “гэрэлтэв”
АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBA)-ноос зохион байгуулсан 67 дахь удаагийн бүх оддын тоглолт өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өдрүүдэд Лос Анжелес хотод боллоо. NBA-н алдар цуутай бүх л тоглогч нэгэн дээвэр дор цугладаг уг тоглолт сүүлийн жилүүдэд үзэгчид хөгжөөн дэмжигчдээс сонирхолгүй болж байна гэсэн гомдол тээх болсон. Учир нь нэгэн дээвэр дор цугласан сагсан бөмбөгийн одод бие биенээсээ илүү тод гэрэлтэхийн тулд багийн тоглолтоос илүү ганцаарчилсан “үзүүлбэр”-т анхаарал хандуулдаг. Энэ жилээс эхлэн эхлэн бүх оддын тоглолт өнгөрсөн 67 жилийн туршид мөрдөж байсан Өрнө болон Дорно бүсээр хуваан олон нийтийн саналаар тодруулдаг байсан уламжлалт дүрмээ өөрчилсөн.
Эл бүх оддын тоглолтын санал асуулгыг Дорнод бүсийн тоглогчдоос “лигийн хаан” Леброн Жеймс, Өрнөдийн сагсан бөмбөгчдөөс бүх цагийн үеийн шилдэг “мэргэн буудагч" Стефен Көрри тэргүүлсэн. Көрри шинэ формат нэвтрүүлэх санал гаргаж, Леброн түүний санааг дэмжсэн. Ийн хоёр бүсийн шилдэг тоглогчийг нэрлэж, улмаар тус тоглогч нь олон нийтээс хамгийн өндөр санал авсан тамирчдаас багаа бүрдүүлэх болсон нь сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг татсан. Ялангуяа багийн ахлагчид өөрийн багаа бүс харгалзахгүй бүрдүүлэх эрхтэй болсноор урьд хожид байгаагүй шинэ баг бүрдсэн юм. Гэхдээ нөгөө талаас нь авч үзвэл өмнөх жилүүдийн бүх оддын тоглолтод нэг бүсийн өрсөлдөгч багийн тоглогчид хоорондоо нэгдэж чаддаггүй байсан. Харин энэ удаад Дорнод, Өрнөд гэсэн том хана хэрмээр зааглагдсан мөнхийн дайсагнагчид нэг “туг”-ийн дор жагсаж чадах уу гэсэн асуулт гарч ирсэн.
Өөрт оногдсон давуу эрхийнхээ хүрээнд Леброн Кайри Өрвинг, Энтони Дейвс, Демаркус Казинс, Кевин Дюрант нарт бүх оддын талбайн гарааны тоглогчийн “тасалбар” өгсөн бол Жеймс Харден, Демар Дерөүзэн, Яннис Антетокунмпо, Жөүл Эмбийд нар Стефен Көрритэй мөр зэрэгцэн гарагнд “тулалдах”-аар болсон. Ийн Лос Анжелес хотод болсон бүх оддын тоглолт шинэ дүрмээр зохион байгуулагдсан анхны тоглолт хэмээн түүхэнд бичигдлээ.
67 дахь удаагийн Бүх оддын тоглолт Лос Анжелес хотод Залуу оддын тоглолтоор “шүглийн дууг” эхлүүлсэн. “Дэлхийн баг”, “Америкийн баг”-ийн эсрэг хийсэн эл тоглолтод “зочин” багаас Богдан Богданович 26 оноо, зургаан дамжуулалт, долоон холын шидэлт амжилттай гүйцэтгэж, багаа хошуучилсан бол Бадди Хиэлд 29 оноо, Жамал Муррэй 21 оноо авсан амжилтаар түүний ард бичигдсэн. Харин АНУ-ын сагсчдаас Жэйлон Браун 35 оноо, самбараас 10 бөмбөг авалт гэсэн үзүүлэлтээр багаа тэргүүлж, Кайл Кузма сэлгээнээс 20, Жэйсон Татум 15 оноо авсан. Харин тоглолтын тухайд “Дэлхийн баг” тоглолтын эхнээс оноогоор тэргүүлж, цаг дуусах мөч хүртэл энэ эрчээ алдаагүй.
Харин шийдвэрлэх дөрөвдүгээр үед тэд хожих нь нэгэнт ойлгомжтой болсон учир Үнэ цэнэтэй тоглогчийн төлөөх өрсөлдөөн баг дотроо өрнөлөө. Тодруулбал, уг тэмцэл Бадди Хиэлд, Богданович хоёрын дунд болсон. Цаг дуусах мөчид “Дэлхийн баг” 155:124-өөр өрсөлдөгчдөө буулгаж авч, Сербийн сагсан бөмбөгч Богданович залуу оддын Үнэ цэнэтэй тоглогчоор шалгарав.
Бүх оддын тоглолтын хоёр дахь өдөр болсон “Taco bell skill challenge” ур чадварын тэмцээнд “Брүүклин Нэтс”-ийн тоглогч Спенсэр Динвидди түрүүлсэн бол JBL гурван онооны шидэлтийн аваргаар “Феникс Санс”-ын Девин Бүүкер тодорсон. Харин цагирган дээрээс довтлох тэмцээний ялагчаар “Юта Жааз” багийн Донован Митчелл шалгарлаа.
Спенсэр Динвидди
Донован Митчелл
“Хаан Жэймс”-ийн “арми” ялж, Үнэ цэнэтэй тоглогч боллоо
Бүх оддын тоглолтын “сувд”-нууд “ёроол”-доо нуугдсан бөгөөд тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр Лэброн Жэймс, Стефен Көрригийн багийн халз тоглолт болсон.
Эхний хагас дуусахад Стэфийн баг 15 оноогоор тэргүүлсэн. Гэвч Лэброны баг төгсгөл хэсэгт байлдан дагуулж, сайн хийж, тоглолтын хувь заяаг өөрийн талд эргүүлж чадлаа. Өнгөрсөн жилүүдийн халз тоглолтод хоёр баг хамгаалалтыг ор тас мартсан. Харин энэ удаад нягт хамгаалалт дунд ялагч тодорсон бөгөөд Лэброны баг Стефийн багийг 148:145-аар буулгаж авсан. Түүнчлэн шүүмжлэлд булагдаад байсан бүх оддын тоглолт нэр хүндтэйгээр хөшгөө хааж, бүх одод эргэн “гэрэлт”-лээ. Үүнээс гадна Дорнод бүсийн ахлагч Лэброн Жэймс 29 оноо, самбараас 10 бөмбөг авалт, найман оновчтой дамжуулалт өгсөн үзүүлэлтээр багаа тэргүүлж, бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдлээ. Ийн тэрбээр өөрийн карьерын хугацаанд гурав дахь удаагаа бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчийн шагнал хүртлээ.
Дашрамд сонирхуулахад, Лэброн Жэймс хамгийн сүүлд 10 жилийн өмнө Нью Орлеанс хотод зохион байгуулагдсан бүх оддын тоглолтод 27 оноо, самбараас есөн бөмбөг авалт, найман оновчтой дамжуулалт гүйцэтгэж үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдсэн билээ. Тус тоглолтод Дорнод бүс 122:120 оноогоор хожил авсан.
Тэрбээр энэ удаад NВА-н түүхэнд гурав буюу түүнээс дээш Улирлын, Финалын, Бүх оддын Үнэ цэнэтэй тоглогч шагналыг хүртсэн хоёр тоглогчийн нэг боллоо. Тэр энэ амжилтыг агуу Майкл Жордантай хамтран “эзэмшинэ”.
Бүх оддын тоглолтын үзэгчид нь ч ялгаагүй одод байлаа
Өглөөний сонин