Б.Батзориг: Ургац алдсан ч гурилын үнийг тогтвортой байлгаж чадлаа

Өнгөрөгч жилийн 6 болон 7 дугаар саруудад хэт халалт олон хоногоор үргэлжилж хур тунадас бага байснаас тодорхой бүс нутгуудаар га-гаас хураах ургацын хэмжээ эрс буурсан. Жилийн хэрэгцээт буудайн 40 гаруй хувийг дотоодоосоо хангасан буюу  улсын хэмжээнд нийт 367.3 мянган га талбайд улаанбуудай тариалж 230.4 мянган тонн ургац хураан авснаас зохих стандартын шаардлагад нийцсэн 128,0 мянган тонн хүнсний буудайг 13 аймгийн 54 сумын 597 иргэн, аж ахуйн нэгж зах зээлд нийлүүлжээ. 

Дээрх буудайн 23.2 мянган тонныг Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон  ОБЕГ-ын Улсын нөөцийн салбарт, 104,8 мянган тонн хүнсний буудайг 32 гурилын үйлдвэрт тус тус нийлүүлсэн байна.

Хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн гурилын хүртээмжийг хэвийн хэмжээнд, үнийг тогтвортой байлгах тал дээр  Монгол улсын Засгийн газар тодорхой арга хэмжээг авч  2018 оны “Хүнсний улаанбуудайн урамшууллыг шинэчлэн тогтоох, үрийн улаанбуудайн үнийг хөнгөлөх тухай” тогтоол гаргасан. Тогтоолын дагуу хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох урамшууллыг улаанбуудайн чанартай нь  уялдуулан харилцан адилгүй байдлаар буюу 1-3 дугаар ангиллын  буудайд  60.0 мянган төгрөг, 4 дүгээр ангиллын буудайд 50.0 мянган төгрөгөөр  тогтоон тариаланчдад  7,8 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг олголоо.  

Мөн Увс, Завхан зэрэг баруун аймгуудын тариаланчдад Засгийн газрын холбогдох тогтоолыг үндэслэн 1-3 дугаар ангиллын буудайн тонн тутамд 90.0 мянган төгрөг, 4 дүгээр ангиллын буудайн тонн тутамд 75.0 мянган төгрөгийн урамшуулал олгосон юм.

Засгийн газрын  дээрх тогтоолоор 2017 оны ургацын байдал, тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн боломж болон хадгалагдаж буй үрийн хэмжээ зэргийг харгалзан Тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалагдаж буй 32,4 мянган тонн үрийн буудайн зах зээлийн үнийг тодорхой хэмжээгээр хөнгөлөн 2018 онд тариалалт явуулахад нь нийт тариаланчдад дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн.

            Энэхүү шийдвэрийн хүрээнд урьдчилсан тооцоогоор Тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалагдаж буй дотоодын болон импортын үрийн буудайн үнийг тонн тутамд 200,0 мянган төгрөгөөр хөнгөлж санхүүгийн тааламжтай нөхцөлөөр борлуулахаар ажиллаж байна.  

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тариаланчдад хандаж, Засгийн газар стратегийн хүнсний бүтээгдэхүүн гурилынхаа үнийг тогтвортой барьж чадлаа. Энэхүү урамшууллыг хүн амаа хүнсний гол бүтээгдэхүүнээр нь хангаж байгаагийн хувьд та бүхэнд үзүүлж байгаа дэмжлэг, хариуцлагаа улам дээшлүүлээрэй гэсэн даалгавар гэж ойлгож болно. Цаг агаарын ямарч нөхцөлд бэлтгэлтэй байж ажлаа эртнээс төлөвлөж энэ хаврын тариалалтдаа хариуцлагатай хандахыг нийт тариаланчиддаа  хандаж хэллээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button