Унаач хүүхдийг жокейгоор сольё

Түрүүч нь Хүүхдээр дэнчин тавьсан хүйтний уралдаан

Арабын орнуудад тэмээ бол монголчуудын морьтой адил бэдгэ тэмдэг, шүтээн нь болдог. Тиймээс тэмээн уралдаан бас л манайхны эрийн гурван наадмын нэг хурдан морины уралдаантай дүйцнэ. Саудын Араб, Катар улсад саяхныг хүртэл тэмээгээ хүүхдээр унуулж уралдуулдаг байжээ. Тэмээн уралдааны явцад хүүхдийн эрх ноцтой зөрчигддөгөөс үүдэж НҮБ-ын “сануулга”-аар энэ улсуудад тэмээн уралдаанд зөвхөн насанд хүрсэн хүн оролцохоор хуульчилж өгчээ.

Гэхдээ энд нэг зүйл бий. НҮБ-аас зөвлөсөөр байгаа хүний дээд ашиг сонирхол ямар ч зүйлийн нэгдүгээрт тавигдах зарчмын тухай юм. Өөрөөр хэлбэл, хүний дээд ашиг сонирхлыг аливаа төрийн байгууллага шийдвэр гаргахдаа нэн тэргүүнд харгалзаж үзэх ёстой гэсэн зарчим. Үүнд аливаа улс орны уламжлал, өв соёл ч багтана гэсэн үг. Энэ үндэслэлээр Арабын дээрх орнууд уламжлалт тэмээн уралдаандаа хүүхэд оролцуулахыг хориглож, насанд хүрсэн хүнээр унуулдаг болжээ. Тэгвэл Монголд яг энэ асуудал хөндөгдсөөр байна.

Хэдийгээр Монголын уламжлалт өв соёл ч гэлээ хурдан морины уралдаан хүүхдийн сурч боловсрох эрхээс эхлээд эрүүл, аюулгүй байх язгуур эрхийг нь ноцтой зөрчсөөр байгаа юм. Тиймээс ХЭҮК, хүүхдийн эрхийг хамгаалагч байгууллагууд насанд хүрээгүй хүнээр хурдан морь унуулахыг хориглох зөвлөмж, шаардлагыг төр, засагт удаа дараа тавьсаар байгаа билээ. Энэ тухай НҮБ-ын зөвлөмж ч Монголд хаяглагдаад буй.

Тиймээс морин спортоо хүний эрүүл мэндэд, амь насанд халгүй аргаар хөгжүүлбэл яасан юм бэ. Гадаадын улс орнуудад морин тойруулгын бооцоот уралдаан ид хөгжиж, тэнд нь монгол морьд өнгөлөөд эхэлчихлээ. Үүний тод жишээ нь 2015 онд АНУ-ын Кентукки мужийн Лексингтон хотод болсон “Breeders cup” тэмцээн. Тус тэмцээнд Монгол Улсын Тод манлай уяач, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарын “Mongolia Saturday” нэртэй хээр морь зүлэгний спринт төрөлд түрүүлж эзнийхээ төдийгүй эх орныхоо нэрийг дэлхийд дансалсан билээ. “Breeders cup”-ыг өнгөлсөн хээрийн амжилтыг давтах олон хурдан хүлэг бэлтгэгдсээр байгаа. Нэгэнт барууны тэмцээнүүдэд монгол морьд өнгөтэй байгаагийн хувьд ийм төрлийн бооцоот уралдааныг эх орондоо зохиоё гэсэн санал санаачилга уяачид, хурдны морь сонирхогчдын дунд аль эртнээс гарч эхэлжээ.

Тэгвэл томоохон бүсийн уралдаан, даншиг наадмыг бооцоот уралдаан болгочихвол унаач хүүхэд унаж тусах эрсдэлгүй болох том боломж гарч ирж байна. Бооцоот уралдааны унаачид нь насанд хүрэгчид. Барууны орнуудад бооцоот уралдааны унаачид буюу жокей гэх бүхэл бүтэн мэргэжил болон хөгжиж байна.

Бяцхан түүх сөхөж үзвэл жокей гэж XVI зууны үеийн Англид язгууртан ноёдын адууны жүчээнд туслах хийдэг байсан хүмүүсийг нэрлэдэг байж. Энэ нь яваандаа хурдан морины уралдаан, үржүүлэгт ямар нэгэн байдлаар холбоотой хүмүүсийг нэрлэх оноосон нэр болж хувирчээ. Ийм хүмүүс ямар ч үнээр хамаагүй ялалтанд хүрэхийг хүсдэг. Саад бэрхшээлийг даван гарах өндөр чадвар, нарийн мэдрэмж зэргээр өөр мэргэжлийн хүмүүсээс ялгардаг гэж байна. Морин уралдаан зохион байгуулдаг, хурдны морь үржүүлдэг орон бүрт жокей бэлтгэдэг сургууль байдаг аж. Тэнд онолын болон дадлагын хичээлтэй. Онолын мэдлэгт морины үүсэл, физиологи, анатоми, үржүүлгийн үндэс, янз бүрийн явдлын үе дэх биомеханик болон амьсгалын онцлог, уяа сойлго гэх мэтийг заадаг. Дадлагынхад ташуурыг зөв ашиглаж сурахаас эхлээд зөв давирах хүртэл зааж сургадаг гэнэ.

Жокей болох нь тухайн хувь хүндээ болон уяач, морины эздэд ч олон талын ач тустай. Тухайлбал, баруунд гэхэд жокейн унаж уралдсан морь уралдаанд оролцох чадвартай байх үедээ асар өндөр үнээр зарагдаж эзнээ баяжуулах боломжтой юм байна. Харин ингэж чадах нь хүн жокей. Унасан морио хамгийн үнэн зөв тодорхойлж, зөв магтаж чадвал үнэ нь тэнгэрт хадаж орхидог гэнэ. Манайхаар бол уралдааны дараа уяачид мориныхоо гарал үүслийг ярьдагтай адил. Гэхдээ манайхан шиг хаанахын, ямар удмын хүлэг болохыг маруухан хэлээд л өнгөрдөг биш. Үүнийг тайлбарлах урлагийг жокей бүрэн эзэмших үүрэгтэй. Ингэж чадвал дээр өгүүлснээр морио үнэд хүргэж уяач, эздээ баярлуулаад зогсохгүй өөрөө ч насан туршийн амьдралын баталгаагаа бий болгодог. Тэд хурдан морь унаж чадахгүй болсон үед олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр морин уралдааныг тайлбарлахаас эхлээд ажил мундахгүй.

20, 30 км-ийн алсаас олон зуун морьдыг тоос бужигнуулан уралдуулж, айрагдсан морьдын хөлс рүү амь тэмцэн дайрдаг монгол заншилд бооцоот уралдаан тэнгэрийнх юм шиг санагдах ч шинэ тутамд тулгарч буй олон саад бэрхшээлийг даван туулахын тулд бид энэ уламжлалдаа салхи оруулахыг цаг үе өөрөө шаардаж байна. Гол нь унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалах нь өнөөдрийн Монгол Улсын нэн тэргүүний асуудал билээ. Мөдхөн хаврын бүсийн уралдааны сураг дуулдаж эхэлнэ. Өнгөрсөн жилийнх шиг 11 настай хүүгийн амиар сольсон шийдвэрийг энэ Засаг бүү гаргаасай. Хүүхдээрээ тахил өргөдөг баяр цэнгэл яавч байж болохгүй.

Бооцоот уралдааныг монголчилж харвал болохгүй зүйл үгүй. Насанд хүрсэн залуус жокей болчихно. Хүүхдүүд унаж тусах эрсдэлгүй. Морин уралдаан нь манай даншиг, бүсийн наадам шиг хэдэн сарын зайтай биш ойр ойрхон тогтсон хугацаанд зохиогддог болчихвол уяачид бүтэн жил хөдөлмөрлөөд ганц, хоёр наадмаар дуусдаг уламжлал үгүй болно. Морин спорт сонирхогчид хүрээгээ тэлнэ. Энэ мэтээр бооцоот уралдааныг дагасан олон “бизнес” хөгжих биш үү.

Зууны мэдээ

Б.Энхзаяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button