“Оюутолгой” ХХК-тай ойлголтын зөрүүгээ нэгтгэх цаг болжээ

Монгол Улсын Засгийн газар 2009 онд "Оюутолгой" компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Үүнээс хойш “Оюутолгой” компани тал дээр хэдэн  сэндивч барьж, монголын баялгийг гадагш зөөж байна. Өнөөдрийг хүртэл тэнд ямар нэгэн бүтээн байгуулалт бий болоогүй. Монголчууд ашиг хүртээгүй. Угаас Монголд ямар ч ашиггүй гэрээ хийсэн гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн. Гэтэл сар шинийн баярын өмнөхөн “Оюутолгой” компаниас “Монгол Улсын Засгийн газар ''Оюутолгой'' ХХК-ийн Өмнөд бүсийг эрчим хүчээр хангах цахилгаан станцыг барих гэрээг цуцаллаа” гэх мэдээллийг олон нийтэд түгээсэн юм. Энэ бол “Оюутолгой” компаниас хэвлэлүүдэд хүргүүлсэн албаны мэдээлэл.

 Харин өчигдөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг цуцалсан. Түүнээс Тавантолгой цахилгаан станц барих төслийг хүчингүй болгосон зүйл огт байхгүй” хэмээн мэдэгдэв.  “Оюутолгой” ХХК жилд 200-250 сая ам.долларын эрчим хүчийг БНХАУ-аас авч хэрэглэдэг.  Энэ асуудалтай холбогдуулан Эрчим хүчний сайд “ Монгол Улсын Засгийн газар 2009 онд Оюутолгой компанитай хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т зааснаар “Оюутолгой” компани өөрийн эрчим хүчний нийт хэрэгцээг зөвхөн дотоодын эх үүсвэрээр хангана. Ингэхдээ дөрвөн жилийн дотор гурван хувилбарын аль нэгийг сонгох үүрэг хүлээсэн аж. Гэтэл энэ гэрээний хүрээнд 2014 оны наймдугаар сарын 14-нд Ч.Сайханбилэгийн Засгийн газар Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээнд Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг хүчингүй болгосон байсан.  Иймээс Засгийн газраас Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг цуцалсан. Түүнээс Тавантолгой цахилгаан станц барих төслийг хүчингүй болгосон зүйлгүй гэсэн юм.

Мөн энэ гэрээ цуцлагдсанаар тоолуур эргэж эхэлсэн гэдгийг Эрчим хүчний сайд мэдэгдэв.

Тодруулбал, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу “Оюутолгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээг дөрвөн жилийн дотор Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эх үүсвэрээс сонгох авах үүрэгтэй болсон. Гэрээнд,

 

 -Хөрөнгө оруулагчийн санхүүжүүлсэн, эсхүл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц

-Гуравдагч этгээдийн санхүүжүүлсэн, эсхүл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц,

-Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээ заасан гэж Эрчим хүчний сайд тайлбарлалаа.

Таван толгойн Цахилгаан станц баригдаж ОТ цахилгаан нийлүүлэх нь Монголын эрх ашигт нийцнэ. Энэ ойлгомжтой зүйл. Гэхдээ сар шинийн өмнөх мэдээллээр бол “Оюутолгой” компани арай өөр ойлголттой байхаар харагдаж байна. Эрчим хүчний сайдын зүгээс “энэ мэдээлэл хаанаас тархсаныг мэдэхгүй. Буруу орчуулгатай” гэсэн тайлбарыг өгч байна. Гэхдээ хамгийн гол зүйл бол ирэх дөрвөн жил “Оюутолгой” компани БНХАУ-аас эрчим хүчээ авахаар болж байна. Нэг үгээр дотоодын эх үүсвэртэй болтлоо БНХАУ-аас авсаар л байх нь. Түүнчлэн “Оюутолгой” ХХК цаашид эрчим хүчний эх үүсвэрээ хэрхэн зохицуулах талаар тодорхой мэдээлэл гаргаагүй байна. Ямартай ч манай зүгээс өчигдөр “Таван толгой ЦС”-ын ТЭЗҮ бэлэн гэдгийг олон нийтэд түгээлээ.

 

П.ГОО

Оллоо.мн

 
 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button