Казахстаны Ерөнхийлөгч латин үсэгт шилжих тухай зарлигт гарын үсэг зурлаа

Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев казах хэлний цагаан толгойг латин үсэгт шилжүүлэх шинэ зарлигт гарын үсэг зурлаа. Казахстаны төрийн тэргүүн өнгөрсөн оны аравдугаар сард цагаан толгойг 2025 он хүртэл латин үсэгт шилжүүлэх зарлигт гаргасан билээ. Энэ нь орос хэлтнүүд, орос хэл болон бусад хэлний эрхийг огт хөндөөгүй хэмээн тэрбээр тодотгож байлаа.

Цагаан толгойг латин үсэгт шилжүүлэх анхны хувилбар нийгэм даяар нэлээд шүүмжлэлд өртсөн. Уг цагаан толгой нь 32 үсгээс бүрдэх бөгөөд зөөллөх тэмдэг их хэрэглэхээр байсан нь энгийн иргэдийг уншиж, бичихэд асуудал үүсгэнэ гэж үзэж байлаа. Харин Ерөнхийлөгчийн баталсан шинэ цагаан толгой өмнөхийн адил 32 үсэгтэй ч зөөллөх тэмдэггүй болжээ. Үүнээс гадна sh, ch зэрэг нийлмэл үсгээс бүрдсэн шинэ тэмдэг ч байна.

Казах хэл 1920-иод оныг хүртэл араб бичиг үсэг ашиглаж байсан ч цагаан толгойгоо латин үсэг рүү шилжүүлжээ. Ингээд  1940 оныг хүртэл латин үсэг ашиглаж байснаа 42 үсэгтэй кирилл үсэг рүү шилжүүлсэн байна.   

Өмнө нь мэдээлсэнчлэн 2021-2023 онд баримт бичгийг латин бичгээр олгохоор төлөвлөсөн аж. Харин 2024-2025 онд орон нутгийн засаг захиргаа, төрийн хэвлэл мэдээлэл, сонин, номыг латин үсэг рүү шилжүүлэхээр тохиролцжээ.

Өглөөни сонин

Э.Мөнхзаяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button