Хүчингийн хэргүүд яагаад шийдэгдэхгүй байна вэ
Охидыг хүчирхийлсэн, амь насыг нь хөнөөж олон нийтийг айдас түгшүүрт автуулсан дуулиант хэрэг өнгөрсөн онд гарсан. Гэвч эцэслэн шийдэгдэлгүй он дамжиж өнөөдрийг хүрлээ. Шүүх, мөрдөн байцаах шатанд гацсан зарим хэргийн мөрөөр мэдээллийг хүргэе.
Г.НОМУУНДАРИЙН НЭРЛЭСЭН ЗАЛУУСЫГ ШАЛГАСАНГYЙ
Уул урхайн сайд асан Д.Ганхуяг охин Г.Номуундарийнхаа “Би хүчингийн хэргийн хохирогч” хэмээн сошиалд дэлгэсэн мэдээллийн мөрөөр өнгөрсөн арванхоёрдугаар сарын 20-ны өдөр ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарт энэ хэргийг шалгуулах албан хүсэлт хүргүүлсэн. Үүний дараахан Улсын ерөнхий прокурорын газрын Хэвлэл мэдээлэл хариуцсан, Хяналтын прокурор Ц.Өлзийжаргал “…Нэр дурдагдсан хүмүүс болон тэдний эцэг эх гээд нийт 50-аад хүнээс байцаалт авч, бусад шаардлагатай ажиллагааг хийж эхлээд байна. Шалгалтын явцад Г.Номуундарийн ярьсан “Манай дүү хүчиндүүлсэн” гэх асуудал нь худлаа болох нь тогтоогдсон…” хэмээн мэдээлсэн юм.
Тэгвэл хохирогчийн өмгөөлөгчид “Хохирогч өөрөө гомдол гаргаагүй, Эрүүгийн хэрэг үүсээгүй байхад хууль хяналтын байгууллагаас олон нийтэд мэдээлэл хүргэсэн нь гэмт хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад нэг талыг барьсан, өөр өөрийн төсөөллөөр асуудалд хандсан хууль зөрчсөн үйлдэл төдийгүй прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн” гэх үндэслэлээр хариуцлага тооцуулах гомдол гаргаж байв. Прокурорын байгууллагаас энэ асуудлыг шийдвэрлээгүй байна.
Өнөөдрийн байдлаар хохирогч гомдол гаргаад зогсохгүй мэдүүлгээ ч өгчээ. Харин охины мэдүүлгийн мөрөөр нэр бүхий хоёр этгээдийг авчирч шалгаагүй. Сэжигтнүүд гадаадад байгааг эх сурвалж хэллээ.
Өмгөөлөгчдийн зүгээс үүний өмнө Цагдаагийн байгууллагаас гаргасан тусгай ажлын хэсгийн зарим мөрдөн байцаагчийг мөрдөн шалгах ажиллагааг хууль зөрчин явуулсан хэмээн олон нийтэд мэдээлж байсан. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1, 20.5-д “Өмгөөлөгч нь өмгөөлөгдөж байгаа сэжигтэн, хохирогч, яллагдагч, шүүгдэгч, ялтны эсхүл өөрийн хүсэлтээр хийж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд байлцаж, аль ч үед асуултаар хүсэлт гаргах эрхтэй” гэж заасан. Үүний дагуу Г.Номуундарийн өмгөөлөгчид гэрчийг байцаахад өөрийн биеэр байлцахаа албан ёсоор бичгээр мэдэгдсэн ч хүсэлтийг биелүүлээгүй. Байцаагч нь утсаа унтрааж хаалгаа түгжээд зугтсан гэх мэдээллүүд тухайн үед гарч байв. Иймд гэрчүүдээс хуулийн дагуу үнэн зөв мэдүүлэг авсан эсэх эргэлзээтэй хэмээн өмгөөлөгчдийн зүгээс ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын хэлтэст дахин гомдол гаргасан ч түүний мөрөөр хариу ирүүлээгүй байна.
Хүчирхийлэл, цаашилбал хар тамхины “аалзны тор”-той ямар нэг хэмжээгээр холбоотой байж болзошгүй уг гэмт хэрэг мөрдөн байцаалтын шатанд ийм байдалтай гацжээ.
13 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГ ШИЙДЭГДЭЛГҮЙ ХАГАС ЖИЛ ӨНГӨРӨВ
2017 оны наймдугаар сарын 23-ны шөнө Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Очир” төвийн зочид буудалд 13 настай М охиныг хүчирхийлж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан. Үүний дараа шүүх эмнэлгийн шинжилгээний хариу гараагүй байхад хууль хяналтын байгууллагын холбогдох ажилтан “Охин архины хордлогоор нас барсан” гэсэн мэдээллийг хэвлэл, мэдээллийнхэнд тараасан. Мөн зочид буудлын менежер эмэгтэй талийгаач охиныг биеэ үнэлэгч, архичин байсан мэтээр цахим мэдээллийн хэрэгслээр ярьсан. Үүнээс сар гаруйн дараа гарсан шүүх эмнэлгийн дүгнэлтэд “Архины хордлогоос болж амь насаа алдсан” гэсэн байв. Түүнчлэн хүний амь нас хохирсон, бага насны хүүхдийг хүчирхийлж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан аймшигт хэрэг гарсан атал цагдаагийнхан хамт байсан сэжигтнүүдийг саатуулаагүй. Хэрэг гарсан зочид буудал үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байсан зэрэг нь асуулт дагуулж байсан юм.
Охины ар гэрийнхэн хууль хяналтынханд итгэхгүй байгаагаа, шүүх эмнэлгийн дүгнэлт эргэлзээтэйг, сэжигтнүүдийн зүгээс оршуулгын зардал зэрэг хохирлыг барагдуулааүй атлаа олон сая төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлж хүч тэнцвэргүй, шударга бус байдал үүсээд буйг олон нийтэд мэдээлж, Ерөнхийлөгчид хүртэл хандан захидал бичиж байв. Анхан шатны шүүх хурал 2018 оны нэгдүгээр сарын 11-нд хаалттай болсон.
Ар гэрийн нэхэмжлэл, өмгөөлөгчдийн гомдлоор дахин шинжээчийн баг томилсон ч охины цогцост бүрэн шинжилгээ хийлгэх хүсэлтийг шүүх биелүүлж шийдвэрлээгүй байна.
Өнөөдрийн байдлаар охины цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт эргэлзээтэй, үзлэгээр “үзэгдэх шүдгүй” гэсэн оношийг тодруулах хүсэлтэд “техникийн алдаа” гэсэн хариу өгөөд тоохгүй өнгөрсөн гэх хэргийг бүрхэгдүүлсэн зүйл олон байгааг өмгөөлөгчид хэлж байна. Аймшигт хэргээс хойш охины эцэг сэтгэл санааны гүн хямралд орсон. Сэтгэцийн эмчийн үзлэгт хамруулах, сэтгэл санааны хохирлыг тогтоолгох асуудал шүүхийн шатанд хөндөгдсөн ч прокурор эсэргүүцэл бичсэнээр хэрэг шүүхийн шатанд удааширч, өнөөдрийг хүртэл хагас жил боллоо. 13-хан настай охиныг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, хэргийнхээ ул мөрийг баллахаар ам руу нь архи цутгаснаас нойр булчирхай, дотор эрхтэнд цус харвалтууд болсон. Цогцсыг таниулахад эцэг, эх нь танихгүй байсан гэхээр ямар болгосон байсан нь ойлгомжтой ийм л хэрэг шүү дээ. Гэтэл шүүх эмнэлгийн эргэлзээтэй дүгнэлтүүд, эцгийнх нь сэтгэл санааны хямрал, хохирлыг тогтоолгоё гэхээр прокурор эсэргүүцээд байгаа нь ойлгомжгүй. Уг нь шүүх ажиллагааг шударгаар явуулах, хэргийн үнэн мөнийг олуулахын төлөө эсэргүүцэл бичдэг баймаар.
Т.ГАНТУЛГЫГ ШАЛГАЖ БАЙГАА ГЭВ
Олны анхаарлын төвд байгаа бас нэг хэрэг бол УИХ-ын гишүүн Т.Гантулгатай холбоотой асуудал. Энэ хэрэг мөн л цагдаа, шүүхийн шатанд он дамжин сунжирч байна. Хохирогчдын зүгээс хууль хяналтын байгууллага нэг талыг барьж байна гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байв. Үндсэн хуулийн цэцээс гишүүний халдашгүй байдал гэх “баг”-ийг хуулсан ч хэргийг шалгаж тогтооход ахиц төдийлөн гараагүй. Харин саяхнаас “Эд мөрийн баримтад авагдсан зүйлд хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр Т.Гантулгын ДНК болохыг тогтоосон. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэх мэдээлэл гараад байна. Түүнчлэн өмнө нь шүүх эмнэлгийн дүгнэлтийг хуудуутай гаргасан шинжээчдэд хариуцлага тооцох асуудлыг тусд нь хавтаст хэрэг нээн шалгаж байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм. Хүчингийн хэргүүд яагаад шийдэгдэхгүй байна. Мөрдөн шалгах явц, шүүх шатанд яагаад гацаад байгаа юм бол. Энэ асуултад шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байхад хариуг нь мэдчихсэн олон нийтэд тараадаг эсвэл хохирогч гомдол гаргаагүй байхад урьдчилан тайлбарладаг албан тушаалтнууд бас нэгийг хэлэх болов уу. Хариултыг ч мөн тэд өгөх биз ээ.
Зууны мэдээ
Ч.Зотол