Агаарын бохирдол ихтэй бүсэд амьдарч байгаа хүүхдүүдийн уушгины багтаамж 40 хувиар багассан гэв
Сүүлийн 10 жилийн хугацаанд 10,000 хүнд ногдох амьсгалын замын өвчлөл огцом нэмэгдэж, 2.7 дахин өсжээ. Өнөөдрийн байдлаар уушгины үрэвсэл 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 2 дахь шалтгаан болоод байгаа ажээ. Улаанбаатар хотын агаарын бохирдол өндөртэй дүүрэгт амьдарч байгаа хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар бага байгаа нь тогтоогджээ.
“Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж, хүүхэд болон жирэмсэн эмэгтэй бүрийг эрсдэлд оруулах хэмжээнд хүрсэн. Эдгээр эрсдэлүүдэд амьгүй төрөлт, дутуу төрөлт, жин багатай төрөлт, хатгалгаа, бронхит, гуурсан хоолойн багтраа өвчин болон хүүхдийн нас баралт зэрэг багтана. Агаарын бохирдол Монгол Улсын хүн амд ноцтойгоор заналхийлж байна” гэж Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс тэмдэглэв.
Мөн тэрбээр “Улаанбаатар хотын агаарын бохирдлын түвшнийг бууруулах нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах урт хугацааны цорын ганц шийдэл юм. Гэвч агаарын бохирдлын түвшнийг дорвитой бууруултал ойрын жилүүдэд мянга мянган хүүхэд агаарын бохирдлын улмаас өвдсөөр байр болно. Тиймээс бид эрчим хүчний цэвэр шийдэлд хөрөнгө оруулаад зогсохгүй хүүхдийг агаарын бохирдолд өртөхөөс сэргийлэх, агаарын бохирдлын улмаас өвдсөн хүүхдэд эрүүл мэндийн чанартай тусламж үзүүлэх, тэдний өвчлөх эрсдэлийг бууруулахын тулд хүүхдийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулах зэрэг мөн хөрөнгө мөнгө зарцуулах нэн шаардлагатай гэдгийг онцолж байгаа юм” гэлээ.
Энэхүү тайланд дараах боломжит арга хэмжээг санал зөвлөмж болгож байна.
– олон нийтийн зан үйлд тасралтгүй нөлөөлөх мэдээлэл сурталчилгааны аян зохион байгуулах
– пневмококкийн вакциныг хийх
– цэцэрлэг, сургууль, эмнэлэгүүдийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах
– олон нийтийг шаардлага хангасан амны хаалтын (N95/N99) хэрэглээ, хүртээмжийн талаар зааварчилгаа мэдээллээр хангах
Тайланд мөн эрүүл мэндийн тогтолцоог бүхэлд нь бэхжүүлэх, агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний талаар илүү судалгаа, баримт нотолгоо бий болгох зэрэг дунд болон урт хугацааны зөвлөмжүүдийг оруулжээ.