Г.Бясман: Гишүүн Д.Гантулгыг яллагдагчаар татсан ч ирээгүй. Удахгүй албадан ирүүлнэ

Сүүлийн үед олны анхаарал татсан зарим хэргүүд шийдвэрлэгдэхгүй удаж байна. Энэ хэргүүд ямар шатандаа явж байгаа талаар Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясмангаас тодрууллаа.

-УИХ-ын гишүүний холбогдсон хүчингийн хэрэг яагаад Нийслэлийн прокурорын хяналтад орсон юм бэ?

-2017 оны зургадугаар сарын 12-ны өдөр иргэн Н нь бусдад хүчиндүүлсэн талаарх гомдолд Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан.

Дээрх хэрэгтэй холбоотойгоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн холбогдох албан тушаалтан, шинжээч нар худал дүгнэлт гаргасан гэх асуудлаар Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байдаг. Энэ хоёр хэргийн хувьд хоорондоо харилцан хамааралтай бөгөөд хоёр өөр газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шалгах нь хэргийг түргэн шуурхай шийдвэрлэхэд, сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэж Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах тогтоол гарсан, энэ утгаараа Нийслэлийн прокурорын газрын хяналтан дор дээрх хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

-Одоо уг хэргийн явц байдал ямар шатандаа явж байгаа, мөрдөх ажиллагаа дуусах болж байгаа юу?

-Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтад тулгуурлан Улсын Их хурлын гишүүн Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байгаа, түүнд яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар мөрдөгч болон прокуророос хэд хэдэн удаа дуудсан боловч эрхэм гишүүн орон нутаг, гадаадад ажилтай байгаа нэрийдлээр одоог хүртэл ирээгүй байна.

Ер нь Монгол Улсын иргэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харъяалалгүй хүн, Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн хэн ч бай прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсанд заасан хугацаанд ирэх үүрэгтэй бөгөөд ирээгүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.3 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрээр албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэнэ. Мөн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар дуудсан сэжигтэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан нь хуулийн дагуу баривчлах үндэслэлболдог.  

Улсын их хурлын гишүүн Д.Гантулгын хувьд Монгол Улсын Их хурлын тухай хуульд зааснаар гишүүний бүрэн эрхийн зохицуулалт байгаа хэдий ч иргэн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой. Ийм ч учраас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн "Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх хэсэгт заасан "гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан” гэж заасныг хүчингүй болгосон тогтоол гарсан. Энэ утгаараа прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дараа дараагийн арга хэмжээ болох шүүхийн шийдвэрээр албадан ирүүлэх ажиллагааг явуулж байна.

Цаашид прокурор, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол танилцуулсны  дараагаар хуульд заасан тодорхой төрлийн ажиллагаануудыг хийнэ.

-Таны ярьсан Шүүхийн шинжилгээний байгууллагын албан тушаалтан, шинжээч нар энэ хэрэгт худал дүгнэлт гаргасан гэсэн асуудлыг илүү тодруулж өгнө үү?

-Энэ хэрэгт Шүүх шинжилгээний байгууллагын зарим албан тушаалтнуудыг холбогдуулан шалгаж байна. Хэвлэлээр "..хэргийг хаасан, хэрэгсэхгүй болгосон..” гэж ташаа мэдээлэл яваад байгаа, хэргийг хаасан зүйл огт байхгүй. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа тул энэ талаар дэлгэрэнгүй хариулт өгөх боломжгүй байна.

-2017 оны наймдугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 13 настай охиныг хүчиндсэн хэрэг хэрхэн шийдэгдсэн бэ?

-Яллагдагч Ж, А нар нь "..2017 оны 08 дугаарын 22-ноос 23-ныг шилжих шөнө, БЗД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Очир” төвийн 3 давхрын … тоот өрөөнд 13 нас 3 сартай, бага насны хүүхэд М-г биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байх үед нь хүчиндсэн..” гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг дуусган, прокуророос яллагдагч Ж, А нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр хянан хэлэлцүүлэхээр хэрэгт 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг БЗД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүх 2018 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж гаргасан байдаг. Үүнийг эс зөвшөөрч прокуророос 2018 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Прокурорын эсэргүүцэл бичсэн. Одоо хэрэг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хянагдаж байгаа, шүүх хуралдааны тов хараахан гараагүй байна.

-2017 оны арваннэгдүгээр сард фэйсбүүкээр лайв хийж, өөрийгөө хүчиндүүлсэн тухай Г.Номуундарь гэх охин олон нийтэд цацсан байгаа. Энэ хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа вэ?

-Иргэн Г нь ХУД-ийн 11 дүгээр хороо, 5 дугаар байрны … тоотод 2015 оны 06 дугаар сарын 16-аас 17-ныг шилжих шөнө миний охин Н нь Э. Т нарт хүчиндүүлсэн талаарх гомдлыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хууль хяналтын байгууллагад гаргасныг харъяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалган, 2018 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Мөрдөн байцаалтын ажиллагаагаар хэрэг учрал болсон гэх газарт буюу 2015 оны зургадугаар сарын 16-аас 17-ныг шилжих шөнө тухайн байранд нэр бүхий нийт 19 хүүхэд залуучууд төрсөн өдөр тэмдэглэж байсан болох нь тогтоогдсон, дээрх 19 хүнээс өнөөдрийн байдлаар 14 хүнийг олж тогтоон, гэрчээр мэдүүлэг авсан. Мөн өдөр тухайн байранд очсон гэх жолооч Ц болон хохирогч Н-ийн жолооч Б нараас гэрчээр мэдүүлэг авсан байдаг. Дээрх хүмүүсийн мэдүүлснээр тухайн өдөр Н нь хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд орсон, хүчиндүүлсэн ямар нэг зүйл болоогүй, мэдэгдээгүй талаар бүгд тодорхой мэдүүлсэн байдаг.

Дээрх 19 хүүхдийн 5 хүүхдээс нь гэрчээр мэдүүлэг аваагүй байгаа. Тухайн таван хүүхэд Монгол Улсад байхгүй, 2017 оны найман сараас 11 сарын хооронд АНУ, БНХАУ, Япон, Тайланд гэх улс руу суралцахаар явсан болох нь хилийн лавлагаагаар тогтоогдсон байгаа. Мөн хохирогч Н-ийн ярьсан "..манай үеэл охин Н, болон найз А нар нь бас хүчиндүүлсэн..” гэх асуудлыг Н болон А нараас тодруулж мэдүүлэг авахад тийм зүйл огт болоогүй талаар мэдүүлсэн. Хохирогч Н-ээс түүний өмгөөлөгчийг байлцуулан мэдүүлэг авах явцад тэрээр мэдүүлэг өгөхөөс татгалзаж, түүний өмгөөлөгчийн саналаар мэдүүлгийг зогсоосон байгаа. Мэдүүлгийг хохирогч Н-ээс дахин авахаар мөрдөгч болон прокуророос удаа дараа дуудуулсан боловч өнөөдрийг хүртэл ирээгүй, мөн шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэхээс хохирогч татгалзсан байгаа учраас мөрдөн байцаалтын ажиллагаа удаашралтай явагдаж байна.

-Хүчиндсэн гэх хоёр хүнийг эрэн сурвалжлаад олж тогтоож болохгүй юм уу?

-Хохирогч Н-ийг хүчиндсэн гэх Э. Т нар нь энэ асуудал үүсэхээс өмнө, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг нээхээс өмнө гадаад улсад суралцахаар Монгол Улсын хилээр гарсан тул өнөөдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар хэн нэгэнд Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр ял сонсгож яллагдагчаар татаагүй тохиолдолд хилийн хязгаарлалт тогтоох, эрэн сурвалжлах гэхчлэн аливаа албадлагын арга хэмжээ авах хууль зүйн үндэслэл байхгүй байгаа юм. Гэхдээ бид тэдний эцэг эхээс мэдүүлэг, тайлбар авсан байгаа.

Цаашид хохирогч Н-ийн эцэг, эх өмгөөлөгч нарын зүгээс Н-ээс үргэлжлүүлэн мэдүүлэг авах, шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулах нөхцөл боломжоор хангах шаардлага байгаа.

Эх сурвалж: Prokuror.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button