“Монгол анагаах ухааны тасаг” шинээр байгуулагдлаа
Монгол анагаах ухаан нь олон мянган жилийн түүхтэй, монгол үндэстэний баялаг өв, уламжлалт соёл юм. Эх орныхоо цаг агаар, хүнийхээ онцлогт тохирсон эм, эмчилгээгээр үйлчлүүлэх нь чухал. Сүүлийн үед амьдралын буруу хэвшил, хөдөлгөөн дутагдал нийгмийн сөрөг нөлөөлөл зэргээс үүдэлтэй мэдрэлийн гаралтай нурууны суулт, шохойжилт гэх мэт өвчлөл нэмэгдэж, хүн амын дунд ихээхэн тохиолддог өвчлөлөөр тархины цус харвалт нэрлэгдэж байна. Багануур дүүргийн хувьд зүрх судасны өвчлөлийн гаралт ихтэй дүүрэгт тооцогддог. Мөн стрессээс үүдэлтэй өвчлөл болон мэдрэлийн эрхтэн тогтолцооны өвчлөл зонхилох хандлагатай байна.Үйлдвэрийн ажилчдын мэргэжлээс шалтгаалах өвчин, харвалт их байгааг эмч нар хэллээ. Тиймээс сэргээн засах, нөхөн сэргээх эмчилгээнүүд зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ хэрэгцээг хангахад шинээр байгуулагдсан тус тасаг чухал үүрэг гүйцэтгэх юм.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр НИТХ-ын Тэргүүлэгч Д.Мөнхжаргал шинээр байгуулагдсан уламжлалт анагаах ухааны тасагт нэг бүр нь 400 мянган төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг цахилгаан зүүний аппаратыг бэлэглэлээ. Мөн цахилгаан төөнүүр авахад нь 1,6 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэв. Тэрээр, "Монгол анагаах ухаан гэдэг бол манай улсын нэг том брэнд болж хөгжих ёстой. Цаашид бид Монгол анагаах ухааны эмчилгээний тасгийг дүүрэг бүрт хэвтэн эмчлүүлэх тасаг хэлбэрээр нээж ажиллалуухыг бодлогоор дэмжин ажиллана. Монгол хүн эрүүл саруул байж, эх орноо хөгжүүлэх болно" гэлээ.
Эх сурвалж: НИТХ-ын хэвлэл мэдээллийн алба