Ерөнхий сайд БНХАУ-д айлчилна
Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх анхны албан ёсны гадаад айлчлалаа БНСУ-аас эхлүүлсэн билээ. Тэрбээр өнгөрсөн сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д айлчлал хийж, тус улсын Засгийн газраас ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд олгож буй 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан. Мөн айлчлалын хүрээнд хэд хэдэн асуудал шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл Ерөнхий сайд хоёр дахь гадаад айлчлалаа БНХАУ-д хийхээр болжээ. Тэрбээр 2018 оны дөрөвдүгээр сарын 10-13-ны хооронд БНХАУ-д айлчлал хийх тов гарсан байна. Одоогоор айлчлалаар ямар асуудал, хэлэлцээр хийх нь тодорхойгүй байгаа аж.
Ямартай ч, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн энэ сарын эхээр БНХАУ-д хийсэн айлчлал нь Монгол улсын Ерөнхий сайдын тус улсад хийх албан айлчлалын бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдэж байгаагаараа онцлог гэдгийг ЗТХЯ-наас тодотгосон юм.
Г.Зул