“Балдорж” шагналын эзэд тодорлоо
Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагнал гардуулах 10 дахь удаагийн ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ц.Элбэгдорж, УИХ болон Засгийн газрын гишүүд, НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, сэтгүүл зүйн үе үеийн төлөөлөгчид оролцлоо.
Энэ жилийн "Балдорж" шагналд 88 сэтгүүлчийн 170 гаруй бүтээл иржээ. Шалгаран үлдсэн шилдэг 25 бүтээлээс өчигдөр шилдэг 10 бүтээлийн эзнийг тодруулсан юм.
“Балдорж” шагналын Гранприг "Өнөөдөр" сонины сэтгүүлч Ж.Сувдмаа, П.Энхбат "Уул уурхайтай ханилсан орчин цагийн малчин" сурвалжлага, "Хариуцлагатай уул уурхайн эрэлд" цуврал сурвалжлагаараа хүртлээ.
"Балдорж" шагналын Дэд байрт МҮОНРТ-ийн Эрэн сурвалжлах баримтат нэвтрүүлгийн баг Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Лхагвасүрэн нар хүний эрхийн сэдвээр эрэн сурвалжилсан цуврал нэвтрүүлэгээрээ хүртсэн юм.
"Балдорж" шагналын шилдэг аравт
- Х.Уянга "Өнөөдөр" сонин "Бөөн цагаан нуурын бөөн эмгэнэл" цуврал сурвалжлага, "Амьдрал сайн уу" цуврал нийтлэл
- Б.Ганзориг ТВ9 телевиз "Хасах градус: Алт дагасан харуусал буюу гэрийн буйрны эрх мэдэл" цуврал нэвтрүүлэг, "Хүн малтайгаа орхигдсон Хөвсгөл нуурын энэлэн" телевизийн нэвтрүүлэг
- Б.Энхмарт "Үндэсний шуудан" сонин "Бид болон монголын тал нутаг чамд хайртай" нийтлэл, "Зургаан настай Баяндүүрэнгийн сургуульдаа хүрэх зам" сурвалжлага
- Д.Эрдэнэбаяр, Ж.Пүрэвдаваа, Г.Мөнхбаяр, Г.Нацагдорж 25 дугаар суваг телевиз "Нэг удаа үндэсний контент: Монгол Солонгост нэг удаа" телевизийн цуврал нэвтрүүлэг
- С.Батзаяа "Монголын медиа корпораци" "Өв соёлгүй Монгол" цуврал нийтлэл, нэвтрүүлэг
- Б.Солонго "Зууны мэдээ" сонин "Монгол хүнд цэвэр ус хэрэглэх эрхийг олгоё", "Аврал эрсэн зэрлэг амьтдыг хамгаалья" цуврал нийтлэл
- З.Цэлмэг "Засгийн газрын мэдээ" сонин "Харилцуурын цаадах нулимс", "Гурван сая иргэнээ хар тугалгатай махаар хооллодог 60 сая малтай Монгол" нийтлэл
- Э.Хүрэлбаатар "Өдрийн сонин" сонин "Замын-Үүдээр зэрлэг адуу мэт чихцэлдэн дайрах монголчуудын нэг өдөр" сурвалжлага
- Б.Алтанхуяг "Монцамэ" агентлаг "Аниргүйн гүн дэх цаг хугацаа", "Тагтаа паблишинг хэвлэлийн газрын ерөнхий редактор У.Бямбанямтай хийсэн цуврал ярилцлага, "Өөрийгөө үл тоон бусдын өмнөөс дуугарах нь сэтгүүлчийн үүрэг болохоос, сэтгүүл зүй карьер хөөдөг салбар биш" нийтлэл
- Н.Хонгорзул "Блүүмбэрг" телевиз "Монголд үйлдвэрлэв" нэвтрүүлэг
Х.Хулан