Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн маргааш эхэлнэ

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн есдүгээр сарын 21,22-нд Төрийн ордонд болно. Уг зөвлөгөөнийг ЗГХЭГ-аас санаачилж, УИХ, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-тэй хамтран зохион байгуулна. 

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн нь Төрийн албаны тухай хууль, төрийн албаны шинэчлэлийн хөтөлбөрийн үзэл баримтлал, агуулга, тэргүүлэх чиглэлийн талаар төрийн албан хаагчдын дунд нэгдсэн ойлголт бий болгох, төрийн албаны шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулсан, үр дүнд хүрсэн улс орнуудын туршлага, дэлхий нийтийн чиг хандлагаас суралцах, Төрийн албаны тухай хуулийг дагалдаж гарах журмуудын төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн албан хаагчдын саналыг тусгах зорилготой юм.

УИХ Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 12 дугаар сард баталж, 2019 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Шинэ хуулийн ерөнхий зорилго нь Монгол Улсын төрийн албанд чадахуйн зарчмыг хүний нөөцийн удирдлагын бүх шатанд мөрдлөг болгох, үр дүнд чиглэсэн соёл, тогтолцоог төлөвшүүлэн бэхжүүлэх юм. Уг хуулиар төрийн албаны стандарт бий болгох, тухайн албан тушаалд зориулсан мэргэшүүлэх багц сургалт, төрийн албанд шатлан дэвшихэд уг сургалтад заавал хамрагдах шаардлага, төрийн албаны шалгалтын агуулгыг шинэчлэх, байгууллагын стратегийн болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах зэрэг төрийн албаны шинэчлэлийн чухал үзэл санаанууд тусгагдсан. Үүний зэрэгцээ Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг баталж, хуулийг дагаж мөрдөхөд шаардлагатай 50 орчим журмыг УИХ,  Засгийн газар, Төрийн албаны төв байгууллага боловсруулж, батлан гаргахаар бэлтгэж буй.

Мөн Засгийн газрын тогтоолоор “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баталж шударга ёсыг дээдлэх, сахилга, хариуцлагыг бэхжүүлэх нь хөгжлийн гурван тулгуурын нэг гэж тодорхойлсон. Энэ хүрээнд төрийн албан хаагчийг мэргэшүүлэх, чадавхжуулах тогтолцооны үндсийг бүрдүүлэх, ёс зүйтэй, шудрага, ил тод төрийн албыг бэхжүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлэн тавьсан. Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хүрээнд Төрийн албаны шинэчлэлийн үзэл баримтлалыг боловсруулах үүрэгтэй Ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар энэ оны 6 сараас байгуулан ажиллаж байна. Үүний зэрэгцээ Төрийн албан хаагчийн хариуцлагын тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна.

Төрийн албаны удирдах ажилтны улсын анхдугаар зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилнэ. Эхний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын төрийн албаны шинэчлэлийн бодлого, олон улсын сайн туршлагын талаар үндэсний бодлого боловсруулагчид, олон улсын шинжээчид илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Хоёр дахь өдөр салбар хуралдаануудыг хийж:

•  Төрийн албыг шинэчлэх шаардлага, төрийн албаны шинэчлэлийн тэргүүлэх чиглэлүүд

•  Монгол Улсын төрийн албанд чадахуйн (мерит) зарчмыг мөрдүүлэх нь (төрийн албан хаагчийн томилгоо, албан тушаал шатлан дэвшүүлэх, ажлын үр дүнг тооцох)

•  Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхыг бэхжүүлэх бодлого

•  Төрийн албан хаагчийн ёс зүй, шударга байдал, сахилга, хариуцлага

•  Төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, нийгмийн баталгаа

•  Төрийн албаны стратегийн удирдлагыг сайжруулах, үр дүнд чиглэсэн соёлыг төлөвшүүлэх нь

•  Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах нь зэрэг сэдвээр ярилцаж Төрийн албаны тухай хуулийг дагалдаж гарах журмын төслүүдийг хэлэлцэнэ. Хоёр дахь өдрийн төгсгөлд нэгдсэн хуралдаанаар нэгдсэн зөвлөмж гаргаж төрийн албаны удирдах ажилтнууд улс түмэндээ андгай өргөхөөр төлөвлөж байна.

Зөвлөгөөнд Монгол Улсын төр засгийн байгууллагууд, яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл, олон улсын шинжээчид зэрэг 800 гаруй хүн оролцоно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button