Хойд бүсийн хэмжээнд 1000 гаруй гадаадын иргэн оршин сууж байна

Засгийн газрын 2018 оны 145, 146, 147 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, бүс орон нутаг болон хилийн боомтод үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын өдөр тутмын болон виз, бүртгэл, хяналт шалгалтын үйл ажиллагааг дүгнэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газрын даргын удирдамжийн дагуу Виз, зөвшөөрлийн газрын дарга Ч. Нармандахаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 9 дүгээр сарын 07-09-ний хооронд Хойд бүс дэх газар ажиллалаа.

Хойд бүс дэх газар нь Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл, Архангай зэрэг 6 аймгийн 282 сум, ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, Сүхбаатар, Ханхын боомтыг хариуцан ажилладаг.

Хойд бүсийн хэмжээнд 1800 гаруй гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байгаа бөгөөд үүний 900 гаруй нь хөдөлмөр эрхлэгчээр оршин сууж байгаа аж. Хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн дийлэнх нь барилга байгууламж, уул уурхайн салбарт ажилладаг байна.

Ажлын хэсэг Хойд бүс дэх газрын виз, зөвшөөрлийн болон хяналт шалгалтын чиглэлээр хэрэгжүүлж буй ажиллагаа, мөн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн удирдамжийн дагуу холбогдох ажлын хэсгийн дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилт хангагдсан эсэхэд хяналт шалгалт явуулав. Мөн албан хаагчдын ажлын нөхцөл байдал болоод тухайн бүс нутагт ажиллаж, амьдарч буй цагаач гадаад иргэдийн судалгаа, түр ирэгчийн бүртгэл, гадаадын иргэдийн ажиллаж буй обьектын судалгаатай нарийвчлан танилцаж, албан хаагчдад чиглэл тус бүрээр мэргэжил арга зүйн туслалцаа, зөвлөгөө өгч ажилласан юм.

Хойд бүс дэх газар нь гадаадын иргэдийн бүртгэл хяналтыг сайжруулж, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг тогтмол явуулсан байна. Шалгалтаар илэрсэн зөрчлийг тухай бүрт нь арилгуулахын зэрэгцээ Монгол Улсад орох визгүй болон хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, ирсэн зорилго тодорхойгүй гадаадын иргэдийг хил нэвтрүүлэлгүйгээр буцаах зэрэг арга хэмжээ авчээ. Мөн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасан үндэслэлийн дагуу 3 орны 21 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан тухайгаа мэдээлж байсан юм.

Дашрамд сонирхуулахад, Гадаадын иргэн, харьяатын газрын Хойд бүс дэх газар нь олон улсын, байнгын ажиллагаатай Алтанбулаг авто замын боомт, Сүхбаатар төмөр замын боомтыг хариуцан ажиллаж байна.

Алтанбулаг авто замын боомт нь 2014 оноос эхлээд 24 цагийн ажиллагаатай боомт болсон бөгөөд Гадаадын иргэн харьяатын газрын Хойд бүс дэх газрын албан хаагчид 4 ээлжээр үүрэг гүйцэтгэж, төрийн үйлчилгээг гадаадын иргэдэд үзүүлж байна. Боомтоор өдөрт дунджаар 250-350 гадаадын иргэн зорчдог бөгөөд улирлын шинж чанартайгаар Монгол Улсад нэвтрэх гадаадын иргэдийн тоо ихсэж, ачаалал нэмэгддэг аж. Тус боомтоор энэ оны нэгдүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд 89 орны 77 мянга гаруй гадаадын иргэн зорчжээ.

Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд олон улсын зэрэглэлтэй төмөр замын боомт 2 байдаг бөгөөд үүний нэг нь Сэлэнгэ аймаг дахь Сүхбаатар төмөр замын боомт юм. Сүхбаатар төмөр замын боомтоор энэ оны нэгдүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд 58 орны 7 мянга гаруй гадаадын иргэд зорчсон гэсэн тоон мэдээ байгаа юм.

Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button