Ерөнхий сайд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй сайд, гишүүд АНУ-д албан айлчлал хийж байна.
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын сангийн хооронд байгуулах компакт гэрээ боловсруулах үндэсний ажлын албыг Э.Содонтогос ахалж яваа бөгөөд тэрбээр өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан энэ мэдээллийг дуулгасан байв.
Тэрбээр “350 сая ам.долларын буцалтгүй тусламж маань бүтлээ. Компакт гэрээ маань баталгаажлаа. Улаанбаатарчууд олон арван жилийн цэвэр усны нөөцтэй болж, дахин боловсруулсан усыг зарим үйлдвэрт ашиглаж, усны жинхэнэ үнэ цэнийг мэддэг болно. Усыг хэмнэж, үнэлж, гамнаж, хайрладаг болно. Ажил ундарна, ус ундарна. Амьдрал ундарна” гэжээ.
Манай эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж буй хүчин зүйлсийн нэг нь ус. Бидний амьд явахын баталгаа мөн л ус. Манайд усан хангамжийн эрэлт, нийлүүлэлт тун ойрын хугацаанд тэнцэж, бид усны хомсдолд орох нь тодорхой болоод байгаа. Бид яг үнэндээ ямар ус хүнсэндээ хэрэглэж байгаагаа ч мэддэггүй. Харин энэхүү хөтөлбөрөөр бид чанартай ус хэрэглэдэг болохоос гадна гүний усаа шавхаж дуусгахгүй байх нөхцөл бүрдэнэ. Үүнд л компакт гэрээний 350 сая ам. долларын буцалтгүй тусламж зарцуулагдана хэмээн гэрээ байгуулсан албаныхан онцолжээ.
Энэ мөнгө бол зээл биш, эргэн төлөгдөхгүй. Энэ мөнгөөр усны хэрэглээнд “хувьсгал” хийнэ. Саарал ус ашигладаг болно. Цэвэр усаа гамнах цаг ирсэн гэж ойлгож болно.
О.Сайхан
Оллоо.mn