Хурал олширсноор утаа багасахгүй ээ
Анхны цас хүйтрэлтэй зэрэгцээд Улаанбаатарын утаа өтгөрч эхэллээ. Гэтэл өнөөдөр хийж байгаа ажил цаасан дээр л байна. Бодитой нь юу байнав гэвэл утаа багасгана, бууруулна гэсэн лоозон уриа дэвшүүлсэн хурал, зөвлөгөөн л хаа сайгүй болж байх юм. Хурал хийгээд утаа буурдаг бол буурахаар л болсон доо. Баримт хэлэхэд 2007-2016 онд улс, нийслэлийн төсөв болон олон улсын зээл тусламжаас нийт 206.9 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулсан байдаг.
Гэтэл үр дүн нь ямар болов гэвэл Улаанбаатарын хувьд лав утааг бууруулж чадаагүй, харин ч улам өтгөрүүлсэн шиг байгаа юм. Тэгэхээр төсөл, хөтөлбөр дэвшүүлж, өдөр бүр шахам хуралдсан ч утааг багагсгаж чадахгүй нь харагдаж байна. Тийм байтал холбогдох байгууллага хүмүүсийн утаатай тэмцэх ажлын арга барил яг л хэвээр.
Энэ оны хувьд төсөв мөнгөгүй гэх. Яагаад гэхээр тайлбар нь өмнөх төр, засгийн үед хамаг мөнгийг утаатай тэмцэх нэрээр дуусгачихсан учир халаас хоосон гэсэн дүр зурагтай байх юм. Тиймээс он гарч ирэх оны төсөвтэй золгохоос наана ямар ч ажил хийхгүй нь л дээ янз нь. Төсөвт 199.7 тэрбум төгрөг шаардагдах тооцоо хийсэн гэх. Бас том тоо шүү. За тэгээд үүгээр юу хийх юм бэ гэвэл 41 мянган айлыг цахилгаан халаагуураар хангах бас нөгөө л ярьдаг бүрэн шаталттай зуух, сайжруулсан түлш үйлдвэрлэхэд хөрөнгө мөнгөө зарцуулах л юм гэнэ.
Тухайлбал, энэ оны төгсгөл гэхэд 26 мянган өрхийг 80 мянган тонн сайжруулсан түлшээр хангана гэлээ. Дараа жилийн өвөл буюу 2019-2020 оны утааны улиралд Улаанбаатар хотод шаардагдах сайжруулсан түлшийг ирэх оны есдүгээр сарын дунд гэхэд бүрэн үйлдвэрлэчихнэ. Энэ үүргийг “Эрдэс Тавантолгой” компанийг түшиглэн байгуулсан үйлдвэрийнхэн хүлээх юм билээ. Тэгээд уг түлшээ түүхий нүүрсний үнээс илүү бишээр худалдаална гэж байгаа.
Төлөвлөх, зорилт дэвшүүлэх амархан харин түүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх нь амаргүй асуудал байдаг. Ингээд бодоход хаа тэртээ Тавантолгойд үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг энүүхэнд байгаа Багануур, Налайхын нүүрснээс хямд зарна гэдэг тун эргэлзээтэй. Сар сард өсч байгаа шатахууны үнэ ч ямар байхав тэр үед. Басхүү өөр эргэлзмээр юм нэмэгдэж л байна.
Агаарын бохирдлын асуудал хариуцсан агентлаг байгуулах тухай яриа гарах болов. Үүнтэй бараг л хэн ч санал нийлэхгүй байх. Ер нь бол утаа багасгах талаар бодитой ажил дутсанаас биш ямар нэг агентлагийн дайтай байгууллага, тэнд зүгээр суух бүлэг хүмүүс дутаагүй л баймаар. Бүхэл бүтэн том яам байна. Агаарын бохирдлыг бууруулах газар гэж бас цөөн биш орон тоотой байгууллага байдаг. Дээр нь агаарын бохирдлыг бууруулах Ерөнхий сайдый тэргүүлдэг Үндэсний хороо ажилладаг. Бас Эрүүл мэндийн яам энэ талын тусгай үүрэгтэй шүү дээ.
Ийм байхад агентлаг байгуулна гэж яавч зөв биш. Төрийн бүтцийг данхайлгахаас цаашгүй юм болно. Эцэст нь хэлэхэд утааг багасгана арилгана гэж төлөвлөхгүй юм. Энэ нь улсын өдий төдий хөрөнгө мөнгийг үрчихээд үр дүн гаргахгүйдээ хаалт халхавч хийж байгаа л хэрэг. Байгууллагын нэр, зорилт хөтөлбөрт дандаа бууруулна гэсэн бөөрөнхий үг хэрэглэж байна. Гэхдээ түүндээ хүрсэн ажил, бодит үр дүн гэж алга. Утаа хэвээр л…
Зууны мэдээ
Д.Бичээчхүү