Б.Эрдэнэчимэг: “Оюут” бага сургууль хүүхэд нэг бүрийн хөгжлөөр улсдаа тэргүүлэхийг зорьж байна

2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна. Байгуулагдаад хоёр жил болж байгаа оюуны ундарга болсон “Оюут” бага сургуулиар орлоо. Оронгуут урдаас монгол зан заншил ахуй угтав.

Эсгий урлалаар гэрийн хэлбэртэй эсгий урлал дээр Хүндэтгэлийн хоймор гээд бичиж авьяастай шилдэг сурагчдынхаа гаргасан амжилтыг нь зургийнх нь хамт эгнүүлэн наажээ. Мөн эсрэг талын ханандаа хүүхдүүдийнхээ хийсэн бүтээлүүдийг "Бидний бүтээл" гээд дэлгэсэн байв. 

Хамгийн сонирхол татсан зүйл нь эртний төмөр хонх. 40 минут болоод тэр хонхоо цохиж хичээлээ завсарлуулдаг юм байна. Завсарласан багачуудаас "Та нар ямар хичээлдээ илүү дуртай вэ" гэж асуухад дэрсхэн дөрвөн хөвгүүн  нэгэн зэрэг "Математикийн хичээлдээ дуртай. Сонирхолтой бодлого бодох гоё ш дээ" гэв. 

Энэ жил хичээлийн шинэ жилээ 60 гаруй сурагчтайгаар эхлүүлсэн “Оюут” бага сургууль нь математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль гэдгээрээ бусдад илүү танигдаж буй.

Бяцхан шавь нараа хүнлэг ёс суртахуунтай, сурах арга барилтай, өөртөө итгэлтэй, өөрийгөө илэрхийлэх болон хамтран ажиллах чадвартай иргэн болон төлөвшүүлэхийг зорьж байгаа тус сургууль онцлог олонтой.

Мөн Цөм хөтөлбөрийн болон математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт явуулах дүүрэг, нийслэл, улс, олон улсын чанартай математикийн олимпиадад суралцагчдыг бэлтгэх 4, 5 дугаар ангийн суралцагчдыг 1-р сургууль, 11-р сургууль,Шинэ монгол сургууль, Шинэ эхлэл, Шинэ эрин олон улсын хөтөлбөртэй сургуулиудын элсэлтийн шалгалтанд бэлтгэх, хүүхэд нэг бүрийн хөгжлийн дэмжсэн хичээлээс гадуурх үйл ажиллагаануудыг зохион байгуулах  гэх мэт давуу талууд ихтэй ажээ.

Ингээд математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Оюут бага сургуулийн эрхлэгч Б.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

-Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе?

-Баярлалаа.

-“Оюут” сургуулийн гол зорилго, онцлог нь юу бэ?

-Хүүхэд бүрийг өөртөө итгэлтэй, оюунлаг хүн болгон төлөвшүүлэх зорилготой. Сургуулийн алсын хараа маань хүүхэд нэг бүрийн хөгжлөөр улсдаа тэргүүлэхийг зорьж байна. Сургуулийн уриа бол “Оюунлаг иргэнийг Оюутаас” гэсэн уриатай. Оюунлаг байна гэдэг зөв төлөвшил, хүмүүжилтэй, эрдэм мэдлэгтэй, боловсролтой байж тэр хэмжээгээр улс эх орондоо ихийг хийж бүтээх,  улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах иргэнийг бэлтгэж гаргадаг байхыг зорьсон.  

Манай сургуулийн онцлог давуу тал нь юу бэ гэвэл багш нар маань хүүхэд нэг бүрт хүрч “тулж” ажиллаж чаддаг. Тухайн хүүхдийн чадварыг оношлоод ямар түвшинд байгаагаас нь эхлэн ажиллаж хичээлээ заадаг. Түүнээс бид нар хүүхдүүдэд нийтэд нь хичээл заагаад орхидоггүй. Багш нар маань үдээс өмнө үндсэн хичээлээ орчихоод үдээс хойш нэмэлт сургалт давтлага өгдөг. Нэг бүрчлэн тулж ажилладаг болохоор хичээлийн хоцрогдол гэж байхгүй дээ.

-Математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай гэсэн.  Нэгдүгээр ангиас нь эхэлж англи хэл заадаг уу?

-Англи хэлийг гуравдугаар ангиас нь ордог юм. Бид 1-2 дугаар ангид эх хэлнийх нь суурь боловсролыг маш сайн тавьж өгдөг. Эх хэлээ сайн сурсан хүүхдэд хоёр дахь хэл болох англи хэлийг сурахад нэг их хүндрэл гарахгүй болов уу.  Одоо цагт монгол хүн, монгол чанар их чухал болжээ. Тиймээс Монгол хүн ёс заншлаа мэддэг байхын тулд эх хэлээ сайн сурах хэрэгтэй. Алдаагүй зөв бичих, хэл яриа сайтай, найруулга зүйтэй бичдэг байхын тулд багаас нь Монгол хэлийг сайн судлуулж, сургах шаардлагатай гэж боддог.

-Бага насны хүүхдийн сурах онцлог хэр байдаг юм бэ. Хүүхэд бүртэй тулж ажиллана гэхээр цаг хугацаа хэр орох уу?

-Манай сургууль харьцангуй цөөхөн хүүхэдтэй. Өнгөрсөн жил 14 сурагчтай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол энэ жил 60 гаруй сурагчтай болжээ. Цаашид ч сурагчдын тоо өснө гэдэгт итгэлтэй байгаа.

Сурагчдын хувьд нэг удаа юмыг хэлэхэд ойлгоод авдаг хүүхэд байхад нэлээд олон удаа хэлүүлж байж ойлгодог хүүхдүүд ч бий. Багш нарын ачааллын хувьд гайгүй. Яагаад гэвэл хүүхдийн тоо цөөхөн учраас цаг хугацаа шаардагдах нь бага ч хүүхдүүдтэйгээ тулж ажиллаж чадаж байна.

-Сүүлийн жилүүдэд боловсролын чанар тааруухан болж, хүүхдүүд юу ч сурахгүй байна гэсэн шүүмжлэлийг эцэг эхчүүд хэлдэг болжээ. Үүнийг багш нар янз бүрээр тайлбарладаг. Улсын сургуульд гэхэд нэг анги 50-60 сурагчтай байхад тэр хүүхдүүдэд ганц багш хүрч ажиллаж чадахгүй байх?

-Тийм шүү. Боловсролын чанар тааруухан байна гэж яригддаг. ЕБС-иудад багш нар тэр болгон хүүхдүүдтэйгээ тулж ажиллах боломж алга. Анги дүүргэлт их. Нэг ангид гэхэд 50 дээш сурагч байхаар нэг багш яаж хүрэлцэх юм бэ. Тэр битгий хэл 40 минутанд дэвтрийг нь ч шалгаж амжихгүй шүү дээ. Тийм учраас самбар дээр нийт дунд нь бичиж, яриад өгөхөөр хүүхдүүд анзаарч ойлгож, тогтоож авалгүй хоцордог байх нь.  Багшийн заасан хичээлийг ойлгоогүй ч хүүхэд байдаг нь үнэн.  Тэгвэл цөөхөн сурагчтай ангид багш хүрч ажиллаж чадна. Манай сургуулийн хүүхдийн тоо цөөхөн гэж хэлсэн дээ. Тэгэхээр 50-60 хүүхэдтэй ажиллах, 8-16 хүүхэдтэй ажиллах хоёрын хооронд асар зөрүү харагдана даа.

-Одоогоор хэдэн бүлэгт хэчнээн сурагчтай вэ?

-Энэ жил  манай сургууль таван бүлгийн 60 гаруй суралцагчтай, есөн багштайгаар үйл ажиллагаагаа эхлүүллээ. 1-5 дугаар анги хүртэл таван бүлэгтэй. Нэгдүгээр ангидаа шинэ элсэлт авч, бусад ангиудад газар газраас шилжиж ирсэн хүүхдүүд бий.

-Анги дүүргэлтийн хувьд хэчнээн хүүхэдтэй бэ?

Нэг ангид 8-16 хүүхэд суралцаж байна. Хамгийн цөөхөн бүлэгтэй анги 8 сурагчтай, хамгийн олон нь 16 сурагч нэг ангид сурч байгаа. Тийм болохоор манай сургуулийн багш нар хүүхэд болгондоо хүртээмжтэй ажиллаж чадаж байгаа юм. Гэхдээ анги дүүргэлт дээд тал нь 24 хүүхэдтэй байх ёстой. Тиймээс ангиуддаа нэмэлт элсэлт авч 24 хүүхдээс хэтрүүлэхгүй байна. Нэг ангиа 24 сурагчтай болгоё гэхээр нийт 120 сурагчтай болох хүсэл эрмэлзэлтэй. Цаашид хүчин чадлын хувьд 7-8 бүлэг хичээллэх боломжтой.

-Хүүхдүүдэд даалгавар гээд их ачаалал өгдөг. Хувийн сургуулиуд хэр байдаг вэ?

-Бага ангийн стандарт бүх хичээл орж байна. Математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай болохоор энэ хоёр хичээлээр байнга нэмэлт сургалтууд ордог.  Даалгаврын ачаалал байхгүй. Яагаад гэвэл үдээс өмнө хичээлээ ороод үдээш хойш сургууль дээрээ багш нарынхаа удирдлага дор гэрийн даалгавараа хийгээд явчихдаг юм. Манай хүүхдүүд тухайн хичээлийнхээ агуулгыг сайн эзэмшин, мөн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой, ном уншина, шатар даам тоглох зэрэг орчин нь нээлттэй. Багш нартайгаа хамтдаа байдаг болохоор хөгжих боломж нь илүү. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хичээлийг хийлгэх гэж бөөн стресс болдог. Гэтэл манай хүүхдүүд сургууль дээрээ гэрийн даалгавараа хийгээд харьдаг болохоор гэртээ ямар нэгэн асуудал үүсгэдэггүй байх.

-Байгуулагдаад хоёр жил болж байгаа “Оюут” сургуулийн амжилтын тухайд?

Өнгөрсөн жил манай сургуулийн 1-2 дугаар ангийн сурагчид математикийн олимпиадуудаас олон медаль авсан амжилттай. Стандарт ба стандарт бус олимпиадуудаас 1А ангийн сурагч Есүхэй, Мишээл, Мичид 2А ангийн сурагч Цэлмэг, Намуундарь, 4А ангийн сурагч Мандах, Соёл-Эрдэнэ гэх мэт сурагчид амжилттай оролцож алт, мөнгөн медаль хүртэж, шагналт байруудад орсон амжилттай.

Мөн өсвөрийн шатрын тэмцээнээс алтан медаль, дугуйн уралдаанаас алтан медаль, газрын теннисээр хоёр хүүхэд мадель авсан. Түүнчлэн даамны гуравдугаар зэргийн болзлыг манай сургуулийн хоёр хүүхэд хангасан. Түүнээс сурлагаараа ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцсон хүүхэд бүр амжилтаараа ахисан үзүүлэлт харагдаж байгаа.

Өөр сургуульд сурч байгаад манай сургуульд шилжин ирж суралцаад сурлагадаа ахиц гаргаад ирэхээр эцэг эхчүүд их тааламжтай ханддаг юм билээ.  

-Танай сургуульд хүүхдээ оруулахын тулд түвшин тогтоох шалгалт авах уу?

-Хүүхдэд сурлагын түвшин тогтоох шалгалт авахгүй. Эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулаад ирэхэд болно. Ямар нэгэн шалгалт, шалгуур тавихгүй. Харин орж ирснийх нь дараа хүүхдээ оношлоод тухайн хүүхдийн түвшин ямар байгааг мэдэж тогтоогоод яг тэр гараанаас нь багш нар ажиллаж эхэлнэ. Жишээ нь тавдугаар ангийн сурагч гуравдугаар ангийнхаа хичээлийг сайн ойлгоогүй, хоцорсон байж болно. Тэгвэл гуравдугаар ангийн түвшингээс нь эхэлж хичээлээ заана гэсэн үг. Нэмэлт сургалтаар тусгай хөтөлбөрөөр хичээлээ зааж хүүхдийн хичээлийн хоцрогдолтыг арилгадаг. Мөн манайх шатар даамны дугуйлантай. Энэ жилээс эхэлж бүжгийн дугуйлан хичээлүүлж эхэлнэ. Түүнээс гадна биеийн тамирын заалтай учраас хүүхдүүд хөдөлгөөний дутагдалд орохгүй.

-Сургуулийн төлбөрийг сонирхож болох уу?

-Жилийн төлбөр нь гурван сая төгрөг. Гэхдээ энэ жилийн элсэгчдэд 20 хувийн хөнгөлөлт үзүүлж байна. Тодруулбал, 2 сая 400 мянган төгрөг гэсэн үг. Харин дараа жилээс эхлэн 3 саяараа явна.  Төлбөрийн хувьд тийм ч өндөр биш. Санхүү эдийн засгийн нөхцөл байдлаасаа шалтгаалж  төлбөрөө хуваагаад хийх нөхцөл боломжийг эцэг эхчүүдэд олгож байгаа.  Боловсролын чанар чухал болохоос төлбөр мөнгөнд нэг их ач холбогдол өгөхгүй байх нь чухал. Өндөр үнэ төлбөртэй хувийн сургуулиудын хажууд манайх харьцангуй бага.

-Багш нараа хэрхэн сонгож авсан бэ. Ур чадварын хувьд мөн тавьж байгаа шаардлага юу бэ?

-Багш нартаа чин сэтгэлээсээ хүүхдийн төлөө ажиллах ёстой гэсэн шалгуурыг тавьдаг. Мэдээж мэдлэг чадвартай байх. Ажилдаа эзэн болж чадах багш нарыг сонгон шалгаруулж авсан. Манайд 5-27 жил боловсролын салбарт багшаар ажилласан туршлагатай мэргэжлийн багш нар байна. Мөн математикаар магистр, баклаврын зэрэг хамгаалсан багш нар ч бий. Үндсэндээ бага ангийн багш мэргэжилтэй математикийн хичээлээр илүү мэргэшсэн багш нар гэсэн үг. Нэг багшийн хувьд 16 хүүхэдтэй харьцахын тулд 16 янзаар хувирч, хөрвөж ажиллах чадвартай. Долоо хоногт багш нартаа ч би сургалт явуулдаг.

-Та боловсролын байгууллагад хэдэн жил ажиллаж байна. “Оюут” бага сургуулийг үүсгэн байгуулах шалтгаан юу байв?

-Би 26 жил ажиллаж байна. Энэ хугацаанд маш олон хүүхэдтэй ажиллаад явахад дунд ангийн сурагчид математикийн хичээлээр хоцрогдол ихтэй байдаг. Үүнд хэн нэгнийг буюу тухайн үеийн бага ангийн багшийг буруутгах арга байхгүй. Олон хүүхэдтэй ажилладаг багш хэзээ ч нэг хүүхэдтэй тулж ажиллах боломжгүй.

Ер нь хүүхдийг бага наснаас нь эхлэн суурь боловсролыг нь зөв тавибал тухайн хүүхэд цаашаа өөрөө бие даагаад явчихдаг юм. Багаасаа сайн сурсан хүүхэд аливаа зүйлд ахиц амжилт гаргаж чаддаг. Тиймээс бага сургууль байгуулаад хүүхдүүдийг багаас нь гарааг сайн тавиад өгвөл тодорхой тооны хэсэг хүүхдийг сайн сургах боломжтой юм байна гэж бодоод өөрийнхөө ажлын туршлага дээрээ үндэслэж энэ сургуулийг хэсэг найзуудынхаа хамт байгуулсан юм. Ямар нэгэн ашиг харж байгуулаагүй юмаа.

Миний хувьд сүүлийн 10 жил нэмэлт сургалтаар хүүхдүүдэд хичээл зааж. Надад дээр дандаа сурлагын хоцрогдолд орчихсон хүүхдүүд ирдэг.  ЭЕШ-д бэлтгэхээр ирсэн хүүхдүүд дунд 5-6 дугаар ангийн боловсролгүй хүүхэд ч ирж байх жишээний. Стандарт мэдлэг муутай ч гэсэн шалгалтад бэлтгүүлье гэсэн хүүхдүүд над дээр их ирдэг. Тийм хүүхдүүдийг нэг жилийн дотор маш богино хугацаанд түргэвчилсэн программаар хоцрогдолтыг нь арилгахаар ажилладаг юм.

-Богино хугацааны сургалтад арга зүй их шаардагдах байх. Та хүүхдүүдэд цагаар хичээлээ заалаа гэхэд  төлбөр хэд бэ?

-Олон жил ажилласан арга барил, туршлагаараа сургалтаа явуулдаг. Энэ арга зүйгээ ч багш нартаа нэвтрүүлсэн. Миний хичээл заах онцлог бол 6-10 хүүхэд зэрэгцүүлж суулгаж байгаад нэг бүрчлэн тулж ажилладаг. Бодлогыг олон хувилбараар яаж ямар хялбар аргаар бодуулж сургах вэ гэдгийг байнга эрэлхийлдэг. Цагийн үнийн хувьд 5000 төгрөг, 10 жилийн өмнө ийм ханштай байсан. Одоо ч хэвээрээ. Хүүхдүүддээ давтлага авах гэсэн эцэг эхчүүд амралтын өдөр ч амраахгүй шүү.  

-Сургуулийнхаа хаяг болоод холбоо барих утсаа тодорхой бичнэ үү?

Тэнгис кино театрын баруун хойно Хөдөлмөр харилцааны дээд сургуулийн хажууд “Оюут” бага сургууль. Манай сургуулийг сонгож хүүхдээ суралцуулсанаар цаашид улсад нэртэй шилдэг сургуулиудад элсэн суралцах боломжийг бий болгож улмаар дэлхийн шилдэг сургуульд суралцаж чадварлаг мэргэжилтэн болж сайхан амьдрах үндэс суурийг нь тавьж өгнө.  Холбоо барих утас 99050072,  88953575.

\

\

\

О.Сайхан

Оллоо.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button