С.Мөнхчулуун: “Ноцтой мэдээ” сонинг хэн захиалж, хэвлүүлж тараалгасныг шалгуулж байна
Харин хурлын үеэр Ноцтой мэдээ сонины эрхлэгч С.Галсансүх хэсэг хүмүүсийн хамт ирж сониноо тарааж үймээн дэгдээв.
Тус сонин дээр МАН-ын эсрэг хотын дарга С.Батболдын талаарх гүтгэлэгийн шинжтэй мэдээллийг гаргасан байгаа бөгөөд намынхан нь дотроосоо санаатай худлаа мэдээлэл тараасан гэж үзэж буй.
Энэ талаар хурлыг даргалж буй, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун мэдээлэл хийлээ. Тэрбээр “Энэ сонины талаар би мэдээлэл хийсэн. Нийслэлийн МАН-ын бага хуралтай холбогдуулж 12 хуудас бүхий “Ноцтой мэдээ” сониныг бэлтгэн гаргах гэж байна гэсэн мэдээлэл авсан юм. Намын хурлын өмнө гишүүд болон үүрийн хурлын гишүүдэд тараах зорилго агуулсан байжээ.
Гэтэл өнөөдөр хурлын үүдэн авчирч гишүүдэд тараалаа. Мөн гэр хорооллын хөдөлгөөний хүмүүсийг авчирч жагсаал зохион байгуулав. Энэ сонин дээр хотын дарга руу их дайрч давшилж гүтгэлэгийн шинжтэй зүйл их бичсэн байгаа юм. Улс төрийн зорилготой ийм сонин тарааж байгаад харамсч байна.
Үүнийг АН-аас хийгээгүй байх. Өнөөдрийн хуралтай холбоотой дотроосоо гаргасан байх. “Ноцтой мэдээ” сонин их хэмжээгээр тарааж байгаа учраас бид цагдаагийн байгууллагад хандлаа. Хэн захиалга өгч ийм материал бэлтгүүлж, их хэмжээгээр хэвлүүлж гаргасныг шалгуулж, эзнийг нь олно” гэлээ.
О.Сайхан
Оллоо.mn