Д.Сумъяа аварга цолоо хамгаалж чадах уу?

Жүдо бөхийн 2018 оны  насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжлэн явагдана. Өнөөдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн 57, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, медалийн эзэд тодрох юм.

Энэ өдөр манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 57 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт Д.Сумъяа, залуу тамирчин Л.Энхрийлэн нар хүч үзнэ.

Тэмцээний “А” хэсгийг тэргүүлэн барилдах Д.Сумъяа эхний тойрогт гоц мөргөх бол хоёрдугаар тойрогт Серби-Испанийн тамирчдийн аль ялсантай хүч үзнэ. Түүний хувьд Бакуд дэлхийн аварга цолоо хамгаалах зорилготой очоод буй юм.

Мөн энэ жинд өрсөлдөх Л.Энхрийлэн эхний шатанд гоц мөргөж, дараагийн тойрогт Узбекистан-БНСУ-ын  жүдочдийн ялсантай нь барилдах аж.

Тэгвэл эрэгтэйчүүдийн 73 кг-д МУГТ, ОУХМ Г.Одбаяр, залуу тамирчин Ц.Цогтбаатар нар тус тус зодоглоно. Г.Одбаяр "B" хэсгийг тэргүүлэн барилдах бөгөөд эхний тойрогт гоц мөргөжээ. Тэрбээр хоёрдугаар тойрогт Герман-Бельгийн тамирчдийн ялсантай барилдана.

Ц.Цогтбаатар мөн эхний тойрогт гоц мөргөж, дараагийн шатанд Итали-Узбекистаны жүдочдийн ялсантай нь хүч үзэхээр болжээ.

 

Хэсгийн барилдаанууд манай цагаар 14:00 цагт эхлэх бол, шигшээ барилдаанууд 20:00 цагт эхэлнэ. 

Б.Од

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button