Энэ намар зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрүүд
Есдүгээр сард зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээллийг нэгтгэн танилцуулж байна.
БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэг
БНСУ-ын Засгийн газраас 2019 оноос эхлэн суралцах Бакалаврын зэрэг олгох дөрвөн жилийн тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг зарлажээ. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргагчдын материалыг 2018 оны аравдугаар сарын 01-05-ны хооронд Элчин сайдын яамны байранд хүлээн авна. Тус хөтөлбөрт нийт гурван хүнийг сонгон шалгаруулах юм байна.
Тавигдах ерөнхий шаардлага:
- 2019 оны гуравдугаар сарын байдлаар ахлах сургууль төгссөн байх
- Монгол Улсын харъяат иргэн байх
- 25 нас хүрээгүй байх(1994.03.01-нээс хойш төрсөн)
Японы Засгийн газрын тэтгэлэг
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгждэг “Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөр”-ийн магистр, докторын сургалт энэ жилийн элсэлтээ зарлалаа. Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хүлээн авах юм байна.
Суралцах хүсэлтэй салбарын албан хаагчид http://jds-scholarship.org/country/mongolia/apply.html хаягаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой.
Их Британийн Засгийн газрын тэтгэлэг
Их Британийн Засгийн Газрын Чевнинг тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. Тэтгэлгийн бүртгэл 2018 оны наймдугаар сарын 6-аас арваннэгдүгээр сарын 6 хүртэл явагдах бөгөөд өргөдлийг www.chevening.org/applyцахим хуудсанд хандан бөглөнө.
Чевнинг нь ирээдүйн манлайлагч болох чадвартай, академик мэдлэг өндөртэй хүмүүст олгодог тэтгэлэг юм. Тус тэтгэлэг нь Их Британид хүссэн сургуульдаа нэг жилийн магистрийн зэрэгт суралцах төлбөрийг бүрэн хариуцах ба суралцах хугацаандаа академик мэдлэг, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх, олон орны соёлтой танилцах гэх мэт олон боломжуудыг олгодог. Сүүлийн 35 жилийн хугацаанд нийт 50,000 чадварлаг мэргэжилтнүүд Чевнингийн хөтөлбөрт хамрагджээ.
2019/2020 оны хичээлийн жилд нийт 1,500 тэтгэлгийг олон улсын оюутнуудад өгөх юм байна.
Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.chevening.org хаягаас авах боломжтой.
Чехийн Засгийн газрын тэтгэлэг
2019-2020 оны хичээлийн жилд БНЧУ-ын Засгийн газрын Монгол Улсад зориулсан Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ.
Суралцуулахаар санал болгож буй мэргэжлийн чиглэл:
- Эдийн засаг
- Хөдөө аж ахуй
- Мэдээлэл зүй буюу информатик
- Байгаль орчин
- Эрчим хүч.
Тэтгэлгийн өргөдлийг зөвхөн он-лайнаар илгээнэ. Засгийн газрын тэтгэлэгт өргөдөл гаргагчдын бүртгэлийг http://registr.dzs.cz/registr.nsf цахим хаягаар 2018 оны 9 дүгээр сарын 30 хүртэл хийнэ.
Тэтгэлэг олгоход тавигдах шаардлага ба нөхцлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг БНЧУ-ын Боловсрол, залуучууд, спортын яамны цахим хуудаснаас харах боломжтой.
Х.Хулан