Налгар намрын тухай бичсэн яруу найрагчдын шүлгүүд
Дулдуйтын Данзанравжаа (1803-1859/6)
Намар. Өтлөх цаг
Намрын хонгор салхи ирэхэд
Навч цэцгийн дуртмал өнгө нь сулраад
Найгалзах олон цэцгийн үр жимс нь автаад
Нарны дулаан илч нь буурна лв
Найртай багын омгоор
Найдангуйн таван хорын эрхэнд хучигдаж
Найман чөлөөт хүмүүний биеийг олсноо
Насны идрийн цогоор нөгцөөв л.
Содномбалжирын Буяннэмэх (1902-1937)
Намрын навч
Намрын улирал хэзээ боловч аргагүй хүрч ирнэ
Навч цэцэг намайг орхиод салхийг даган одно
Идэр эр модыг түшиж бугын дууг сонсоод
Өнгөрсөн үеийн түүхийг санаж сэтгэлийн дотор эмтэрнэ
Наран буцаж цэцэг хумьж үр ертөнц боловсормогц
Өчүүхэн бага оготно хүртэл будаа буудай хураалцана.
Олон сүргээ зуны сайханд тарга оруулсан бол
Хүч төгс санаа түвшин жаргахад юу зовно.
Насан залуу хүчин чийрэг хүний сайхан цагтаа
Малыг маллаж, тариаг тарьж, ажлыг хийгээгүй бол
Навч шарлаж, намар болж, нас тогтохын үед
Тайван гэртээ санаа амар яахин шатар тавина.
Дашдоржийн Нацагдорж (1906-1937)
Намар
Намрын шар нар над дээр, чам дээр тусна.
Найган найгах улиралд нь бид бас найгана.
Буга хандгай урамдаж уул усыг баясгахад
Үхэр шар мөргөлдөн малчин хүнийг зугаацуулна.
Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд
Идэр залуус алс газрыг сонирхон сурахаар одно
Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахад
Түүний дотроо саран мишээж янагийн үлгэрийг сэмээр үгүүлнэ.
Өглөөний хяруу сувдын адил гялтаганан бууралтахад
Гадаа сойсон морь бүг бүг бөн бөн чичирнэ.
Гэрийн эзэн эртлэн, үнэг чоныг гөрөөлөхөөр одоход
Эхнэр хүүхэд аарц нэрж, түүнийг хүлээнэ.
Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад
Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө
Шарласан модны навч хоёр нэгээр унахад
Сэтгэлийн доторхи уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно.
Д.Сэнгээ
Намар
Алтан гар намрын халуун нар ивээгээд
Атар сайхан хөндийд хадлангийн ургац халиураад
Аварга хүчит комбайн хүнгэнэж байдаг намрыг
Ариун зорилгот пионерууд зугаа цэнгэлтэй өнгөрүүлдэг.
Хангайн модонд явж самар түүх сайхан
Хар улаан жимсээр саваа дүүргэх сайхан
Хавх урхи зүүгээд зурам ч агнах сайхан
Хадлангийн талбайд очоод тусалж ажиллах сайхан
Сайхан явдлууд намарт олон тохиолддог хэр нь
Сайхан сайхны дундаас онц сайхан гэж байдаг
Санаа сэтгэл хөдөлгөсөн ер бишийн сайхан нь
Сайн нөхөдтэйгээ хамт сургуульдаа цуглах нь сайхан.
Жамцын Бадараа (1926-1992)
Намрын шөнө
Мэлтэлзсэн сүү шиг сарны туяанд
Гялталзсан шүүдэр сувдын өнгөтэй
Мэлрэн хүлээх миний дотрыг
Гялайлган цайлгах хайрт чамайгаа
Дурсан суусаар
Дуулан саатахаа
Зовлон биш
Зол минь гэлтэй
Сугсалзан найгах өвсний толгойд
Сувдарсан шүүдэр намрын сүртэй.
Санан хүлээх миний цээжийг
Саруулсган уужлах хайрт чамайгаа
Дурсан суусаар
Дуулан саатахаа
Зовлон биш
Зол минь гэлтэй.
Бэгзийн Явуухулан (1929-1982)
Нүүдэлчний намар
Нарс найгаа л
Навчис хийсээ л
Уулын оройд будан суугаа л
Шувуу буцаа л
Хяруу унаа л
Өвсөн толгойд цан буугаа л
Тал шарлаа л
Мал холхио л
Сэтгэл гэнэт догдлоо л
Салхи сэвээ л
Өрх дэвээ л
Өлөн тоос тэнгэрт босоо л
Айлууд нүүгээ л
Амрагууд холдоо л
Аяа хөөрхий, нүүдэлчний намар аа гэж!
Намрын навчис
Найран дээрээс гараад иртэл
Намрын навчис унаж байлаа
Налгар тэнгэрээр шувуудтай цуг
Нарлаг намар зэллэн одлоо
Салхи ч үгүй нам гүм байтал
Шарласан навчис хийсч байлаа
Санаанд ч үгүй аж төрж явтал
Санчигны минь үс цайж байлаа
Налгар тэнгэрээр шувуудыг дагаж
Зэллэсэн бүхэн эргэж ирнэ
Намрын навч шиг надаас хийссэн
Залуу нас минь л эргэж ирэхгүй.
Мишигийн Ширчинсүрэн (1933-1999)
Намрын сайхан нар
Намрын сайхан нар – холдож байгаа нар
Илч нь бага боловч, өнгө нь тунгалаг цагаан
Намрын сайхан өдөр – саарч байгаа өдөр
Биед жихүүн гэлээ ч, сэтгэлд нэг л уян.
Намрын сайхан өдөр улирал солигдохын эрхээр
Насан идэр би чинь цагийн аясаар найгана
Намрын сайхан өдөр холдон холдохын эрхээр
Наалинхай төрсөн би чинь сэтгэл ихээр үймэрнэ …
Дэндэвийн Пүрэвдорж (1933 – 2009)
Навч
Намрын мөчрөөс
Навч хийсэн унав
Навчтай хамт
Нар хэлтрэн унав
Нарны тэр хэлтэрхийтэй
Намрын өдөр унав
Намрын тэр өдөр
Надаас гандан унав.
Бавуугийн Лхагвасүрэн
Намар
Сайвар салхины хэлд нуур хайрстана
Цайвар шүүдрийн дунд өвс бууралтана
Тэнгэр нуурын хоёр манангаар цайрна
Тэртээ уулын цас нүд хайрна
Салж ядсан ганираа нуур тойрно
Сайран дээгүүр ганц тогоруу тойрно
Намрын салхи
Бодол сэвэлзсэн
Намрын бүрхэг өдөр
Ботгоны буйлах дуун
Нүдгүй архи нэрнэ
Бүдэрсэн нулимсанд
Согтсон энгэрийн
Бүтэн хоёр товч
Хар аяндаа мултарна
Болохын тухай
Бодохоос өрсөж
Болж өнгөрсний
Шарх илүү хөндүүр
Хэвтээ шар салхи
Өвсний уцаар хүргэж
Хэлгий цагаан манан
Уулын элгэнд цагираглана.
Цуламхан нам гүмийг
Цуулж нохой хуцна
Цугтаа яваа юм шиг
Цуурай дагаж боргоно
Өтгөн үүлс газарлаж
Үдээс хойш бороошино
Салхи хэдий намдсан ч
Цээжин дотор эрвэлзэнэ.
О.Сайхан
Оллоо.mn