Нийслэлийн МАН-ын даргыг сонгож, ноён ногооны ханш өссөн долоо хоног
Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаныхан АНУ-д албан ёсны айлчлал хийлээ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ирэх онд цалинг нэмэхээр болсон талаараа мэдээлэл хийв. Ингээд өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлыг тоймлож байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Вашингтон хотноо хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Өнгөрсөн пүрэв гарагт Мянганы сорилын сангаас олгож буй хоёр дахь удаагийн компакт гэрээг албан ёсоор баталгаажуулав. Тус улсын Төрийн департаментын ордонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео нар Мянганы сорилын сангаас олгох 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зуржээ.
Энэ буцалтгүй тусламжийг монгол төгрөгөөр тооцвол 875 тэрбум төгрөг болж байгаа юм. Мянганы сорилын сангаас олгох уг хөрөнгөөр Улаанбаатарын усны нөөцийг сайжруулах, хэрэглэсэн усыг буцааж ашиглахад зарцуулах юм.
Үүнээс өмнө тус сангаар дамжуулан америкчууд 285 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад олгосон бөгөөд таван жилийн хугацаатай үргэлжилсэн уг гэрээ 2014 онд дуусгавар болсон билээ. Хоёр дахь удаагаа компакт гэрээнд хамруулах шийдвэрийг Мянганы сорилын сангаас мөн 2014 онд гаргасан бөгөөд дөрвөн жилийн хугацаанд тодорхой судалгаа тооцоонууд хийгдсэн байдаг. Уг тооцоо судалгаа, төсөл дээр үндэслэж, буцалтгүй тусламжийн мөнгөө юунд зарцуулахыг АНУ-ын талаас шийджээ.
Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал баасан гарагт үүр цайтал хуралдлаа. Улмаар хуралд оролцсон гишүүдийн 50.4 хувийн саналаар УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын хороог удирдахаар болсон байна. Харин МАН-ын Удирдах зөвлөлөөс нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшүүлсэн хотын дарга С.Батболд гишүүдээсээ 49, 6 хувийн санал авчээ.
Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурал нь 369 гишүүнтэй байхаар өргөтгөж баталсан байсан бөгөөд 339 нь санал хураалтад оролцож, 331 хүчинтэй санал тоологдсон байна. Эдгээр төлөөлөгчдийн 80 нь квотоор орж иржээ.
МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Нийслэлийн Засаг дарга намын дарга байх ёстой, ингэж байж сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн. Тиймээс Удирдах зөвлөлийн хурлаас С.Батболдын нэрийг дэвшүүлсэн юм. Харин Д.Сумъяабазарыг заалнаас нэр дэвшүүлсэн бөгөөд ийнхүү ялалт байгуулжээ.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр энэ сарын 18-нд МҮЭ-ийн холбооны байранд болов. Хэлэлцээрээр төрийн албан хаагчдын 2019 оны цалин хөлсний талаар хэлэлцэв.
Хэлэлцээрт ХНХ-ийн сайд С.Чинзориг, МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарын тэргүүтэй гишүүд оролцон цалингийн нэмэгдлийн асуудлыг хэлэлцэж дараах шийдвэрт хүрсэн байна. Үүнд,
Төрийн албан хаагчдын цалинг 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн үе шаттай нэмэгдүүлэх арга хэмжээ авч, 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлнэ.
2019 оны улсын төсөвт төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд 266.0 тэрбум төгрөгөөс доошгүй эх үүсвэрийг тусгана. Хэлэлцээрийн дараа талууд гаргасан шийдвэртээ гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд ХНХ-ын сайд С.Чинзориг ирэх баасан гаригт УИХ-д танилцуулна гэдгээ энэ үеэр илэрхийлэв.
Төв банкнаас зарласан ханшаар баасан гаригт нэг ам.доллар 2515 төгрөгтэй тэнцлээ. Энэ нь сар хүрэхгүй хугацаанд 65 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Ам.долларын өсөлтийн шалтгааныг эдийн засагчид “Өрхийн тодорхой хэсэгт долларын эрэлтийг нэмэгдүүлэх хүчин зүйлс бий болсон, газар тариалангийн салбартай холбоотой тоног төхөөрөмж, нефтийн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэн зэрэг шалтгаантай холбоотой” гэж тайлбарлажээ.
Түүнчлэн ам.долларын ханшийг бууруулахын тулд гадаад худалдааны чиглэлд хүчтэй өөрчлөлт хийх шаардлагатайг сануулав.
Төв банкны зүгээс “Ханшийн өсөлтийн эсрэг зарцуулах валютын нөөц хангалттай байгаа” гэж мэдэгдсэн. Гэвч ханшийн өсөлтийн эсрэг яг ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байгаа юм. Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн ажлын өдрүүдэд хуралдаж, бодлогын хүүг 10 хувьд барих шийдвэр гаргасан. Төв банк арилжааны банкуудын ирүүлсэн дуудлага худалдааны хүсэлтийг хэрхэн хүлээж авах, ам.долларын зах зээлд хэр идэвхтэй тоглохоос өсөлтийн үнэ тогтох эсэх нь хамаарах юм байна.
Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар Монголын зэс корпорацийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн хороо, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг хариуцагчаар татсан хэргийг шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болов.
Шүүх хуралд Монголын зэс корпорацийн захирал Ц.Пүрэвтүвшин өөрөө оролцсоноос гадна компанийнх нь итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нийлсэн дөрвөн хуульч ирсэн. Харин хариуцагч Засгийн газраас төлөөлөл ирээгүй бөгөөд УБЕГ, ТӨХ-ноос гурван хүн л оролцов. Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралд эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй байжээ.
Нэхэмжлэгч “Монголиан коппер корпорейшн” ХХК Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар гэсэн гурван байгууллагад холбогдуулан нийт 13 нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх уг хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд нийт 13 нэхэмжлэлийн шаардлагаас 9-ийг нь хангаж, 2 шийдвэртэй холбоотой шаардлагыг хэсэгчлэн хангаж, 2-ыг нь хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2018 оны 7 дугаар сарын 19-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нийт 13 нэхэмжлэлийн шаардлагаас 5-ыг нь хангаж, 1 шийдвэртэй холбоотой шаардлагыг хэсэгчлэн хангаж, 7-г нь хангахгүй орхиж шийдвэрлэсэн юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нийт 13 нэхэмжлэлийн шаардлагаас 6-г нь хангаж, 2 шийдвэртэй холбоотой шаардлагыг хэсэгчлэн хангаж, 5-ыг нь хангахгүй орхиж шийдвэрлэв. Дээд шүүх хэргийг ийнхүү шийдвэрлэхдээ Монгол Улсын Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль болон дээрх тогтоолыг зөрчиж, зарим шийдвэрүүдийг гаргасан байна гэж дүгнэжээ.
Үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэл дүүргийн үйлдвэрлэгчид оролцож байгаа хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдээлж байгаа. Үндсэндээ орон нутгийнхан өөрсдийн бренд бүтээгэдэхүүнээрээ оролцож байгаа нь анзаарагдсан. Тухайлбал, Ховдынхон айрагны тос, хөх тарианы гурил, тарвас зэрэг бүтээгдэхүүнээрээ оролцож байгаа бол Говь-Алтай алдарт чипсэн ааруул, Өмнөговийнхон нутгийн давжаа алим, таана хөмүүлийн сорс, Сэлэнгийнхэн утсан загас, хмелийн талх зэргээ дэлгэн арилжиж байна.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 180 гаруй аж ахуйн нэгж, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, 250 гаруй тариаланч, ногоочид оролцож байна.
О.Сайхан
Оллоо.mn