Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сенатор Дан Салливантай уулзав
АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Конгрессын Сенатын танхимын гишүүн ноён Дан Салливантай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Ерөнхий сайд түүнтэй уулзаж байгаадаа баяртай байна гээд түүний Америкийн Нэгдсэн Улсад хийж буй айлчлал амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Дэд Ерөнхийлөгч М.Пэнстэй хийсэн яриа хэлэлцээний үр дүнд хоёр талын харилцаа шат ахиж, Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүрч байгааг зарласныг тэмдэглэж, улмаар хоёр тал эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэн тэлэх замын зураглалыг тохирсныг мэдээлэв. Мөн Мянганы сорилтын корпорацитай байгуулсан 350 сая ам.долларын буцалтгүй тусламж нь Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болох усны хангамжийг сайжруулах төсөлд зориулагдаж байгааг дурдаж, төслийн нийгэм, эдийн засгийн ач холбогдлын талаар ярив.
Сенатор Дан Салливан Монгол, Америкийн найрсаг сайн харилцаа харилцан итгэлцсэн уур амьсгалд өргөжин тэлж байгаад баяртай байна гээд Монгол, Америк цэргүүд Афганистанд хамтдаа алба хааж, дэлхий дахин болон бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулж байгааг сайшаан тэмдэглэж, талархал илэрхийлэв. Тэрээр АНУ-ын Конгресст өргөн барьсан Монголын ноолууран, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд татваргүй нэвтрүүлэх хуулийн төслийг Сенатад танилцуулахад хамтран зохиогчоор оролцож, дэмжиж ажиллахаа мэдэгдэв.
Мөн Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс Хойд, Өмнөд Каролина мужид тохиолдсон далайн шуурганд нэрвэгдсэн хүмүүст зориулж чин сэтгэлийн тусламж үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлэв.
Мөн талууд хоёр орны иргэдийн хэлхээ холбоо гүнзгийрэн хөгжиж байгааг сайшаан, дэмжиж ажиллахын чухлыг тэмдэглэж, үүнд ялангуяа АНУ-ын сайн дурынхны оруулж буй хувь нэмэр их байгааг онцлов гэж ГХЯ-наас мэдээллээ.