Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Дэлхийн банкны Ерөнхийлөгчтөй уулзав
АНУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Кимтэй уулзаж, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны хамтын ажиллагаа, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улс, Дэлхийн банк хоорондын 30 орчим жилийн хамтын ажиллагаа болон Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж байдагт Дэлхийн банкны удирдлага болон хамт олонд талархал илэрхийлэв.
Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Ким хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, бодлогын арга хэмжээнүүдийн үр дүнд Монгол Улсын эдийн засаг сэргэж, хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.
“Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн нэгдүгээр үе шатыг өргөжүүлж, хоёрдугаар үе шатыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв.
Цаашид Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг эрчимжүүлж, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, хүртээмжийг улам бүр нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа Ерөнхий сайд мэдэгдлээ гэж ГХЯ-наас мэдээллээ.