DPF шүүлтүүр автобусны хар утааг 97 хувь хүртэл бууруулж байна

Зам тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын санхүүжилтээр хамтран “Улаанбаатар хотын нөхцөлд тохируулсан дизелийн тортгийн шүүр (DPF)-ийг нэмэлтээр тоноглож дизель автобуснаас ялгарах (PM) хөө тортогжилтыг бууруулах төсөл”-ийг хэрэгжүүлж буй. Уг төслийн явцтай танилцах үйл ажиллагааг Нийслэлийн тээврийн газраас 2018 оны есдүгээр сарын 24-ний өдөр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т зохион байгууллаа.

Дээрх үйл ажиллагаанд тус газрын холбогдох албаны хүмүүс, төслийн багийн удирдагч Комори Масанори, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлага, инженер техникийн ажилчид оролцож DPF (Diesel Particulate Filter – Дизель хөдөлгүүрийн тортог шүүгч)-ийн талаар мэдээлэл авч төслийн туршилт, судалгааны ажил болон шүүлтүүр цэвэрлэх цехийн үйл ажиллагаатай танилцав.

Манай улсад ашиглагдаж байгаа хүхэр ихтэй дизель түлшинд ашиглах боломжтой DPF шүүлтүүрийг 2018 оны 7-8 дугаар сард нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ, Сутайн Буянт ХХК-ийн 24 автобусанд суурилуулсан ба бодит туршилтаар хар утааг (PM) 97хувь хүртэл бууруулж байна.

Шүүлтүүрийн бохирдлыг автобусан дотор суурилуулсан хяналтын дэлгэцээр тогтмол хянадаг бөгөөд бохирдсон шүүрийг тусгай зориулалтын цахилгаан зууханд хийж өндөр хэмд шатааж цэвэрлэн гарсан хар утаа (PM)-ын шүүлтийн хэмжээг жигнэж  байна. Туршилтаар өдөрт  1 автобусны шүүлтүүрээс дунджаар 175гр хар утаа (PM)-ын ялгарч байгаа бөгөөд сарын хэмжилтийн дүнгээр тооцоход дээрх 25 автобуснаас ялгарах 66.4 кг  хөө тортгийг агаарт хаягдахаас сэргийлж байна.

Дээрх тооцооллоор Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй их багтаамжийн бүх автобусанд энэхүү шүүлтүүр (DPF)-ийг суурилуулсан тохиолдолд Хар утаа (PM)-ын жилийн ялгарлыг 43.8 тонноор бууруулах боломжтой гэсэн тооцоо гарч байгаа юм байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button