Э.Идэрцог: Ч.Ганзориг нарын таван хүнийг яллагдагчаар татан шалгаж байна

АТГ-ын мөрдөн байцаагчид өнгөрсөн шөнө ээлжит баривчилгаа хийжээ. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг саатуулан цагдан хорьсон байна.

Энэ талаар өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлаараа мэдээлэл өглөө.

Тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог  “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсан байдаг. Энэ хэрэгт холбогдуулан тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагаар ажиллаж байсан захирал асан Ч.Ганзоригийг яллагдагчаар татсан талаар өнгөрсөн өвөл мэдээлж байсан билээ. Үүнтэй холбоотойгоор Ч.Ганзоригийг саатуулан шалгаж байна. Прокуророос өнөөдөр Ч.Ганзоригийг цагдан хорих санал тавьж, шүүхээр шийдүүлнэ. Энэ хэрэгт холбогдуулан таван хүнийг шалгаж байна. 

Тодруулбал, “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Галбадрах нарын таван хүнийг яллагдагчаар татан шалгаж байна” гэв.

 

Тодруулбал, дээрх зээлийн гэрээнд холбогдох нөхцөл бүхий баримт бичигт Ч.Ганзориг, Г.Амарбат нар гарын үсэг зурсан байдаг.  Тус зээлийн гэрээтэй холбоотой барьцаа гэрээний эрх шилжүүлэх тухай мэдэгдлийг "Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас дамжуулснаар эрх шилжүүлэлт хүчин төгөлдөр болсон талаар дурдсан байдаг.

Тиймээс тухайн үед дарга байсан Ч.Ганзориг нарын эдгээр хууль бус үйлдлүүдийг хуулийн байгууллагаас нягтлан шалгаж эхэлжээ.

 

“Жаст”-ын Ш.Батхүүгийн хувьд олон жил шалгуулж, олон сар хоригдож байгаа бөгөөд хамсаатангуудад нь холбогдох хэргийг шалгаад дуусвал яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлнэ гэдгийг Э.Идэрцог дарга онцоллоо.

О.Сайхан

Оллоо.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button